“Toyota” цэнэг хураагуурын үйлдвэрлэлд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-02 14:52:43

ТОКИО. /Reuters/. Японы автомашины үйлдвэрлэгч “Toyota Motor” компани цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд зориулан Япон, АНУ-д 730 тэрбум иен буюу 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ.


Энэхүү хөрөнгө оруулалтын тэн хагасаас илүү хувийг “Toyota”, “Panasonic”-ийн хамтарсан үйлдвэр үйл ажиллагааг нь хариуцдаг Японы баруун нутаг дахь үйлдвэр болон дотоодын үйлдвэрүүдэд зориулах бол үлдсэн хэсгийг нь АНУ-ын Хойд Каролина муж улсад байгуулагдаж буй үйлдвэрт хөрөнгө оруулах ажээ.


Дэлхийн улс орнууд хорт хийн ялгарлыг бууруулахыг эн тэргүүний зорилт болгон дэвшүүлээд байгаатай холбоотойгоор цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт улам нэмэгдэх болоод байгаа энэ үед “Toyota” компани 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалахаар зорьж байгаа юм.


Энэ долоо хоногийн эхээр тус компанийн өрсөлдөгч болох “Honda Motor” БНСУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгч компанитай хамтран АНУ-д цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үйлдвэр байгуулахад 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мөн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ