ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-23 18:56:03

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрч 24 цагийн хязгаарлалтын дэглэм тогтоосон билээ. Тэгвэл сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хараахан гараагүй учир Аймгийн Онцгой комисс дахин хуралдаж хорио цээрийн дэглэм тогтоосон хугацааг наймдугаар сарын 24-ний 09:00 цаг хүртэл сунгалаа. 


Хязгаарлалтын дэглэм тогтоосноор: 

-Голомтод бүсээс гарах тээврийн хэрэгслийн  шилжилт хөдөлгөөн,

-Бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албадад үүрэг болгосон юм.


Холбогдох албанаас сэжигтэй тохиолдлын тархвар зүйн зураглал гаргаж, нэгдүгээр хавьтлуудыг илрүүлжээ. Одоогоор нэгдүгээр хавьталд 20 иргэн байгаа бөгөөд тэд Цээл, Төгрөг, Есөнбулаг сумын холбогдох эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа аж. Цээл суманд тарвага агнан хүнсэндээ хэрэглэн улмаар Төгрөг сумаар дамжин Есөнбулаг суманд ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Харин түүний нэгдүгээр хавьтал болсон иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа тухай аймгийн ЭМГ-аас танилцууллаа.


Тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн ба хариу нь өнөөдрийн 22:00 цагаас гарна хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ