Монгол Улсад Solarcity болон Hyperloop төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 8 дугаар сарын 16-ны өдөр SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийжээ.
Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Тус яам нь 2022 оны 5 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичгийг Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдуулж, SpaceX компанитай ямар байдлаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцжээ.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яам SpaceX компанийн сэргээгдэх эрчим хүчний Solarcity болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх саналыг тавьсан байна. Мөн дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам