АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар орон нутагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-12 08:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Ховд болон Увс аймгуудад очиж ажиллалаа.

 

Энэ үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди даргатай уулзалт хийж, тус аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайтай танилцан, олон улсын шаардлага хангасан хиймэл зүлгэн талбай болгох боломжийн талаар санал солилцлоо.

 

Мөн 2018 онд АХБХ-ны дэмжлэгтэй Ховд аймгийн 3 дугаар сургуулийн талбайг ногоон болгосон ажилтай танилцан, Ковидын улмаас нээлтээ хийгээгүй байсныг нээлээ.

 

Нээлтийн анхны бөмбөгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат хөлбөмбөгийн спортын мастер Г.Мөнгөнхуяг оруулж, өөрийн төрсөн аймаг Ховд аймгийн сургуульд хөлбөмбөгийн сайхан талбай байгуулж өгсөнд МХБХ-нд талархал илэрхийллээ.


 

Нээлтийн үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕБС-уудын дунд удахгүй зохион байгуулагдах “Мөрөөдлийн гоол” тэмцээнд зориулан 50 ш Adidas фирмийн бөмбөг, хувцас хэрэглэлийг Ховд аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга А.Анхбаярт хүлээлгэн өгч, Олон үндэстний нутаг болсон Ховд аймагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд манлайлж ажиллаж байгаа ИТХ-ын дарга Г.Пүрэвганьд болон хөлбөмбөгийн ахмад тамирчин С.Ганбаатар нарт МХБХ-ны “Гавъяаны одон”-г гардуулан өгсөн байна.

 

Улмаар А.Ганбаатар ерөнхийлөгч Увс аймагт очиж ажилласан бөгөөд энэ үеэрээ МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “21 аймгийн АШТ”, “Үндэсний цом” тэмцээнийг үзэн сонирхож, шилдгүүдэд төр засгийн болон МХБХ-ны одон, медалиудыг гардуулан өглөө.

 

Увс аймагт АХБХ-ны тусламж дэмжлэгээр байгуулагдсан сургуулийн талбайн арчилгаа, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Увс аймгийн ХБХ-ны байраар зочлон, цаашид хийх ажлуудын талаар санал бодлоо солилцлоо. МХБХ-ны дэмжлэгтэйгээр аймгийн ХБХ-д өөрийн оффистой болсон бөгөөд энэхүү санхүүжилтийг МХБХ-ноос жил бүр олгодог билээ.





Холбоотой мэдээ