Монгол дахь японы олзлогсдын түүхийг өгүүлсэн дурсгалын музейг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-08-04 14:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан япончуудын дурсгалын музей нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ.


Нээлтэд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, уг музейг санаачлан үүсгэн байгуулсан иргэн С.Өлзийтогтох, ахмад дайчин Г.Чогсомжав, хорооны удирдлага, хоёр орны найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгч, иргэд оролцлоо.


Гэр музейг нээж С.Өлзийтогтох хэлэхдээ, “Өнөөдрийн энэ өдрийг би маш удаан хүлээж байсан. Би энэ газрын түүхийг 2016 оноос судалж эхэлсэн. Анх 2012 онд энд хогийн цэг байхаас нь цэвэрлэж, “Ногоон нуур”-ыг байгуулсан юм. Гэтэл энд япончууд байрлахаас гадна чулуу бэлтгэж байсан түүхийг Н.Даш гэдэг хүнээс анх сонсож, тухайн түүхийг тодруулж цааш лавшруулж судлах зорилгоор Үндэсний архивын газар, номын сангаар орж ном түүх үзэн, мөн энд ажиллаж байсан холбогдох хүмүүсийг хайж эхэлснээр гэр музей байгуулах ажил эхэлсэн” гэдгийг өгүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр ахмад дайчин Г.Чогсомжавтай таарчээ. Өдгөө 98 настай Г.Чогсомжав гуай тухайн үед Дотоод явдлын яамны 9 дүгээр хэлтсийн харьяа Хамгаалах хороонд алба хаан, японы олзлогсдыг харгалзаж байсан түүхээ мөн хуваалцсан юм. 


Тэрбээр, “Бидний 3 монгол цэрэг 100 японыг харгалздаг байсан. Япончууд дотроо удирдлага, зохион байгуулалттай байсан. 150 гр махны нормтой, гурил голцуу өгдөг. Түүгээр нь бид гамбир хайран хуваан идддэг байлаа.  Аль ч талдаа тийм л юм ховор, хүнд үе байсан. Тийм нөхцөлд япон цэргүүд бие хайрлалгүйгээр манай улсын бүтээн байгуулалтад сэтгэлээрээ оролцож байсан. Олзлогдсон япончууд чинь манай улсад их юм хийж өгсөн хүмүүс. Архангайн Өгийнуурт хүртэл загас барих үйлдвэр байгуулж байлаа. Одоо байхгүй болсон доо. 


Япончууд тэр үед Зүүнхараагийн спиртийн заводод хүртэл ажиллаж байсан” хэмээн тэртээх 76 жилийн өмнөх түүхийг өгүүлж байлаа. Мөн "Нэг япон надад, та бид 50 жилийн дараа уулзана гэж хэлсэн байсныг би тухайн үед ямар байдлаар уулзах юм бол доо хэмээн гайхан бодож байснаа мартдаггүй юм. Одоо ч тэд амьд байгаа" гэв.


Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлэхдээ, “Энэ хэсэгхэн газар Японы олон зуун олзлогсод газар шороо, чулууны ажил хийж Улаанбаатар хотын зам, барилгын ажилд бүх хүчээр дайчлагдан ажиллаж эхэлсэн түүхийг бид харж байна. Тиймээс энэ нь гарцаагүй түүхийн дурсгалт газар юм" хэмээн онцолж, хоёр орны түүхтэй холбоотой энэ газрыг түүхийн дурсгал болгон олон жил хөөцөлдөж, өнөөдөр олон нийтэд толилуулж буй С.Өлзийтогтох болон бусад хүмүүсийн хичээнгүй хөдөлмөр зүтгэлд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм.


Энэ онд тохиж буй Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан уг музейг нээж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна гэдгийг Элчин сайд мөн тодотгож, хоёр орны найрсаг харилцаа өнө мөнх үргэлжлэхийн ерөөлийг дэвшүүлэв.


Түүнчлэн “Сакүра” нэртэй энэхүү гэр музейг олон хүн зорин ирж, үзэж сонирхон тэртээх хүнд хэцүү дайны үед олзлогдож байсан япончууд Монгол Улсын нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцон хүчин зүтгэж байсан, хоёр орны харилцааны түүхийн нэгэн үеийн дурсамжийг үргэлж санаж байна гэдгийг хэлэв.


Гэр музейг өнөөдөр С.Өлзийтогтох ирсэн зочид, төлөөлөгч, сэтгүүлч нарт танилцуулсан юм. Тэрбээр Төв шуудангийн урд нийслэлийн анхны орон сууцны барилга буюу тэр үеийн Дотоод яамны албан хаагчдын барилгыг япон цэргүүд барьж босгосныг дуулгаад, тухайн барилгыг буулгахад гарсан тоосго, мод зэрэг материалыг үзмэр болгон тавьжээ. Олзлогдсон япончууд манай улсад анх 1945 оны 11 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 10-ны хооронд ирж байсныг өгүүлсэн гэрэл зургуудыг мөн дэлгэжээ. Тэднээс нэг нь ч өвлийн хувцасгүй, зуны хувцастай ирж байсныг өгүүлж байлаа. Монголоос 10 мянган япон буцсан түүхтэй байна. 


Япончууд Улаанбаатар хот дотор зам, гүүр тавихад оролцож, Их тэнгэр дэх харшийн барилга, Сонгины амралт, хуучнаар Удирдлагын академийн байр, гуанз, клубыг нь, мөн маршал Х.Чойбалсангийн өвлийн ордон, Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, түүний хойдох 72 айлын орон сууц буюу арктай байшин (тухайн үед Дотоод яам болон НАХЯ-ны дарга нарын байр байжээ), МУИС, Дуурийн театр, хуучнаар Элдэв-Очир кино театр буюу одоогийн Хөрөнгийн бирж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу хуучнаар “Алтай” зочид буудлын барилга зэрэг талбайн эргэн тойронд орших барилгуудыг барьж байсныг тэрбээр мөн дурсав. Түүнчлэн 1946-1947 онд нийслэл хотод барьсан барилгуудад ГХЯ-ны барилга зэрэг хотын төвийн ихэнх барилга оржээ.  








Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ