Монголын шатарчид анхны хожигдлоо хүлээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-03 07:36:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 5 дахь өдөр Монголын шатарчдын хувьд анхны хожигдлоо хүлээсэн өдөр боллоо.


Тус олимпиадын эхний 4 өрөгт 2 хожиж, 2 тэнцээд байсан манай эрэгтэй баг Чехийн шатарчдад 3,5:0,5 оноогоор /С.Билгүүн өрсөлдөгчтэйгээ хайнцаж, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ нар хожигдов/ ялагдаж Монголын эрэгтэй баг 6 оноотой 53 дугаар байрт бичигдэж байна.


Мөн тус олимпиадын эхний дөрвөн өрөгтөө 3 хожиж, 1 тэнцсэн амжилтаар тэмцээнийг хошуучлагчдын нэгд явсан Монголын эмэгтэй баг  5 дахь тавилдаа Германы багт 3:1- ээр хожигдлоо. Тухайлбал, А.Энхтуул, Т.Мөнхзул нар хайнцаж, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар хожигдлоо. Ингэснээр эмэгтэй баг 7 оноотой хэвээр 22 дугаарт бичигдлээ.

Холбоотой мэдээ