БНСУ-ын Оюуны өмчийн газартай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-19 14:16:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 63 дугаар чуулган Швейцарийн Женев хотноо болж байна. Чуулганд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан оролцож, чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Тэрээр, Монгол Улс оюуны өмчийн чиглэлээрх хууль, эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч, дотоодын хууль тогтоомжийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэх, оюуны өмчийн удирдлагыг цахимжуулахад ач холбогдол өгч буйг онцлов.



Чуулганы үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар БНСУ-ын Оюуны өмчийн газар хооронд “Оюуны өмчийн салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, хяналтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Талууд 1997 оноос хойш хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. БНСУ-ын Оюуны өмчийн газар, тус улсын Шинэ бүтээлийг дэмжих холбооны дэмжлэгтэйгээр Зохистой технологийг хөгжүүлэх болон Нэг сум-нэг брэнд төслийг хэрэгжүүлж, манай улсын ТББ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан юм.


БНСУ-ын Оюуны өмчийн газар нь дэлхийн оюуны өмчийн салбарын голлох 5 оролцогчийн нэг (IP5) бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлт тайлан”-д дурдсанаар БНСУ нь нэг хүнд ногдох дотоодын патентын мэдүүлгийн тоогоор сүүлийн 11 жил тасралтгүй тэргүүлж байна. Тус газар нь патент, ашигтай загварын мэдүүлгийг 11.1 сар, барааны тэмдгийн мэдүүлгийг 8.9 сар, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг 4.6 сарын хугацаанд хянаж, зохих хариуг хүргүүлэн ажилладаг байна.


Тодруулга: Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 63 дугаар чуулганд тус байгууллагын гишүүн 193 улс оролцож байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь инноваци, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээрх олон улсын оюуны өмчийн системийг хөгжүүлэх зорилгоор 1967 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд манай улс тус байгууллагад 1979 онд элссэн юм.

Холбоотой мэдээ