Екатеринбургийн Олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнг Монгол үзмэрээр баяжуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-07 17:27:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй Олон улсын аж үйлдвэрийн “Иннопром-2022” үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.


Төлөөлөгчид Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулж Монгол Улсаас бэлэг болгосон хоёр тонны жинтэй хайлуур жоншийг Екатеринбург хотын Олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнд, Ази, Европ хоёр тивийн уулзвар цэгт суурилуулах ёслолд оролцов. Тус чулуун үзмэрийг Монгол үндэсний гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй, боржин чулууг шигтгэж чимэглэсэн цагаан өнгийн суурин дээр байрлуулжээ.


ОХУ-ын Уралын Улсын уул уурхайн их сургуулийн Уралын чулуун төвийн захирал Ф.Нурмухаметов хэлэхдээ, “Монголоос авчирсан энэхүү чулуун үзмэрийг өнгөлж эхлэхэд чулуу нь зөөлөн байсан боловч дараа нь хүчтэй кварц чулуу гарч ирсэн" хэмээв. Мөн үзмэрийн суурийг чимэглэсэн боржин чулуунуудыг ч мөн Монголоос авсныг онцолсон юм.

Холбоотой мэдээ