“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2022-06-30 10:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнг Улаанбаатар хотод Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын талбайд өнөөдөр нээнэ.

Үзэсгэлэнд Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Өвөрбайгалийн хязгаараас жижиг, дунд бизнесийн төлөөлөгчид Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй бараа, үйлчилгээг танилцуулах юм.

Тухайлбал, барилга байгууламжийн инженерийн системийн зураг төсөл, салхижуулалт, агааржуулалт, гал унтраах, халаалт зэрэг системуудын мэргэжлийн угсралт, ус тусгаарлагч полимер битуман хучилт, тавилга, бал, зөгийн аж ахуйн бүтэгдэхүүн, шилмүүс, навчит модны хөрөөдмөл материал, шилэн хуванцар эдлэл, тунгалаг шилэн бүтээц зэрэг үйлдвэр, үйлчилгээний төрөл бүрийн чиглэл бүхий компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

 

Орос-Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч зөвлөл, хил орчим, бүс хоорондын худалдааны шинжээч, “Азийн хаалга” үзэсгэлэнгийн зохион байгуулагч Александр Сидоров хэлэхдээ, “Оросын бүс нутгийн бизнесийн 35 дахь үзэсгэлэн нь өөрийн онцлогтой. Учир нь ОХУ-ын 4 субъект нэгэн зэрэг оролцсон Монгол Улсад явагдах анхны үйл ажиллагаа юм. Тиймээс монголын ажил хэрэгч хүрээнийхэнд илүү сонирхолтой чухал мэдээлэл өгнө” гэв.

 

Энэхүү үзэсгэлэнг ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газар, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөлөгчийн газрын дэмжлэгтэй ирэх сарын 3-ныг хүртэл зохион байгуулна.

Холбоотой мэдээ