Хөдөө ажиллаж буй залуучууд санал бодлоо хуваалцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-29 13:56:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ХЭГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлагаас Монгол Улсын хөгжлийн хурдасгуур буцах шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар  “Монгол дахь дотоодын шилжилт, хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт буцах шилжилт хөдөлгөөнөөр хөдөө, орон нутагт очин амьдарч, ажиллаж буй “Хөдөөний айл” нүүр номын админ Ч.Ерөөлтүвшингийн гэр бүл, Монголын Үндэсний телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаад Булган аймагт малчин болсон Х.Эрдэнбулган, Завхан болон Өвөрхангай аймагт бизнес эрхэлж буй Г.Амарзаяа, Ж.Оюунчимэг, Хөвсгөл аймагт очин ажиллаж буй эмч Б.Түвшин нарын иргэд оролцон илтгэл тавьж, өөрсдийнхөө туршлагын талаар ярилцан хуваалцсан юм. Хүүхдийн сурах орчин, өрхийн орлогын шийдэх, төрийн байгууллагад ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, татварын хөнгөлөлт зэргийг бүрэн шийдвэрлэж чадвал төвлөрөл давсан түгжрэл дунд амьдрах шаардлагагүй гэдгийг тэд хэлж байлаа. Хөдөө, орон нутагт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байгааг мөн хэлж байлаа.


Тодруулбал, орон нутагт ажиллаж амьдрахад нэг өөр, нийслэлд очихоор нэг шатлал нэмэгддэг цалин хөлсийн урвуу тогтолцооны байдлыг өөрчлөх хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Манай улсын нийт газар нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь амьдарч байна. 


Хэлэлцүүлэгт Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн оролцож, хөдөө орон нутаг руу буцаж шилжих үйл явц нь тогтвортой, эсвэл илүү хүрээнд өрнөж байна гэж хэлж чадахгүй ч бид тийм болгохын тулд хөдөө, орон нутагт байгаа иргэд, тэнд шилжин очиж буй хүмүүс орлоготой, сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд төр, засаг манай улсын хөгжлийн түншүүд хамтарч ажиллаж байж, хүчин чармайлт гаргаж байж бодит үр дүн гарна гэдгийг онцолж байлаа. Тэрээр, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөөг хөгжүүлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн зөөлөн дэд бүтцийг сайжруулж, татвар, цалин хөлсний бодлогод төрөөс дэмжихээр шийдвэрлээд байгааг тодотгож байлаа.




Хэлэлцүүлгээр түүнчлэн дэлхийн улс орнууд хэт төвлөрлийг бууруулж, буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих замаар нийгэм, эдийн засгийн хөгжлөө дээшлүүлж буйг туршлагаас мэдээлж танилцууллаа.

Холбоотой мэдээ