ХОВД: Нэгдсэн эмнэлэг ангиографийн аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-27 17:11:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) буюу нэгдсэн эмнэлэг сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дутмагаас болж иргэд гадаад руу зорьж оношилгоо, эмчилгээнд орох явдал их байсан. Иймээс удирдлагын зүгээс холбогдох газруудад энэ асуудлыг уламжлан,  иргэдийн гадагшаа явах урсгалыг багасгах, орон нутагтаа оношилгоо, эмчилгээ хийх боломжуудыг шат дараатайгаар бий болгож байна.

Үүний нэг бол Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр суурилуулсан ангиографийн оношилгооны тоног төхөөрөмж юм.

Хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй, программ хангамж бүхий олон үйлдэлтэй уг тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, өнөөдрөөс эхлэн ашиглахад бэлэн болголоо.

Дээрх аппаратыг мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд рентген туяаны тусламжтайгаар бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношилгоо, эмчилгээг 100 хувь оношилж, илрүүлэн эмчлэх боломжтой аж.    

Ташрамд мэдээлэхэд, ангиографийн шинжилгээ гэдэг нь судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.

Ангиографийн шинжилгээ, оношилгоо хийх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Баасанжав, З.Лхагвасүрэн, Ц.Төмөр-Очир  тэргүүтэй мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 27-29-ний өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Тус баг орон нутгийн эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцох замаар  зүрхний хагалгаа, доод мөчдийн судасны бүдүүрэл, бөөр, судасны нарийсал, цүлхэн, хавдар, судасны эмгэг сүлжээрэл, гэмтэл, судасны бөглөрөл, судас хагарах, тархи, элэгний хавдарын судас бөглөрөх гэх мэт ангиографийн оношилгоо, эмчилгээний мэс ажилбаруудыг хийхээр төлөвлөжээ. 

 

 

Холбоотой мэдээ