Оны эхний хагас жилд залилах төрлийн гэмт хэрэг 67 удаа бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-20 10:24:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт сүүлийн 3 жилийн байдлаар залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагад залилах төрлийн гэмт хэрэг 2020 онд 32, 2021 онд 49, 2022 оны эхний хагас жилд 67 удаа бүртгэгджээ.

Залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл гэрээ хэлцэл ашигласан, завшсан, бусдын нэр барьсан, хадгалуулсан эд зүйлийг завшсан, хуурамч бичиг баримт ашигласан зэрэг хуурч мэхлэх аргаар үйлджээ. Тухайлбал бусдын орон байрыг түрээсэлж байгаа этгээдүүд ордер буюу бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусдад давхар түрээслэх, орон байр түрээслэх нэрийдлээр 2-3 сарын түрээсийг урьдчилан авч залилах гэмт хэрэг зонхилж байна.

Мөн мал, мах худалдан авахтай холбоотой залилангийн хэрэг өсөх хандлагатай байгаа ба иргэд худалдан авалт хийхээр бэлэн мөнгө шилжүүлэх эсвэл борлуулж байгаа мал, махаа бусдад залилуулж алдах хэрэг энэ оны хагас жилийн байдлаар хоёр бүртгэгджээ.

Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ