Хаврын мод тарих ажилд 600 гаруй сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-08 16:23:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил “Тэрбум мод” хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн хүрээнд мод, бут тарих ажилд аймгийн хэмжээнд 447 байгууллага, аж ахуйн нэгж, 3150 айл өрх оролцжээ.
Тухайлбал, нийт 16.1 мянган хүн хамрагдаж, 222.5 мянган мод, бут тарьсан байна. Өөрийн эзэмшил талбайдаа айл өрхүүд 23.4 мянга, байгууллагууд 53.7 мянган мод сөөгийг тарьсан бол 11 цэгт 14.4 мянган мод бүхий төгөл байгуулж, төв суурин газрын 37.8 га цэцэрлэгт хүрээлэнд 83.4 мянган мод бут тарьсан байна. Мөн 21.6 га талбайд 29.7 мянган модоор хамгаалалтын зурвас хийж, ойжуулалтад одоогоор 2500 ширхэг мод тариад байгаа юм.
Арвайхээр сумын хувьд энэ жил 73 мянган мод тарих зорилттойгоос хаврын тарилтаар 51513-ыг тарьжээ. Үүнээс нийтийн эзэмшлийн 6 цэгт 31484, албан байгууллагууд гадна талбайдаа 7675, гэр хорооллын айл өрхүүд 12354 ширхэг мод, бут тарьжээ.
Мод тарих ажилд 623 сая төгрөг зарцуулаад байна. Цаашид байгууллагууд өөрийн эзэмшил талбайдаа мод нэмж тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах шаардлагатай байгааг БОАЖГ-ын дарга Г.Баясгалан хэллээ. Хаврын мод тарих ажилд 600 гаруй сая төгрөг зарцуулжээ.
Холбоотой мэдээ