Жулио Бордон: Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн хамгааллыг хүргэхэд анхаарах ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан бус хөдөлмөр эрхлэлт салбар бүрд байна. Ялангуяа хөдөө аж ахуй, барилгын салбарт их юм. 2020 оны судалгаагаар, албан бус хөдөлмөр эрхлэлтийн 60 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байсан. Нийгмийн хамгааллын үйлчилгээг эдгээр иргэдэд хүргэхэд анхаарах ёстойг Маастрихт их сургуулийн Нийгмийн бодлогын шинжээч Жулио Бордон “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгаа”-ны урьдчилсан үр дүн, зөвлөмж хэлэлцүүлгийн үеэр тодотголоо.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэх нь” хамтарсан хөтөлбөрөөс “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгаа”-ны урьдчилсан дүн, зөвлөмж хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгийг нээж, ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ, -“ХНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, ХХААБ, ОУХБ хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн
хүрээнд малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэх, үүнд технологийн дэвшлийг
нэвтрүүлэх, малчдын хоршооллыг дэмжихэд нэлээн ажил хийсэн”-ийг онцолж байв.
Түүний дараа ОУХБ-ын Хятад, Монголын Товчооны дарга Чанхи Ли ярихдаа, -“ОУХБ-ас нийгмийн
хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгааг
бодлогын түвшинд авч үзэхэд бэлэн болголоо. Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд хүүхэд,
малчин, ахмад настан гэх мэт эмзэг бүлгийг хамрах хүрээнд шинжилгээ хийсэн” гэдгийг
дурдлаа.
Суурь үнэлгээний анхны хэлэлцүүлгийн үеэр “Малчдын нийгмийн хамгааллыг
өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан
хөтөлбөрийн хүрээнд малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг 2-3
хувиар нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд хариу үзүүлэх механизм
нэвтрүүлэх, нийгмийн хамгааллын суурь үнэлгээг бодлогын түвшинд шинэчилж,
санхүүгийн стратеги боловсрулах зорилготойг төслийн
зохицуулагч П.Лхам тодотгов.
Хэлэлцүүлэгт ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн Нийгмийн хамгааллын ахлах
мэргэжилтэн Нуно Куна нийгмийн хамгааллын тулгамдсан сорилт, олон улсын чиг
хандлагын талаар илтгэл тавив. Тэрбээр, "Нийгмийн хамгаалал нь хамрах хүрээ өргөн, тэтгэмжийн
хүрэлцээ хангалттай, санхүүгийн хувьд тогтвортой байдлыг хангасан байх зорилготой. Монгол
Улсын хувьд нийгмийн хамгааллын систем урт түүхтэй, олон давуу талтай ч сайжруулалтыг зогсолтгүй хийх хэрэгтэй. Аль
ч улсад байнга шинэчлэлийг эрэлхийлж байдаг" хэмээсэн юм.
Нийгмийн
бодлогын шинжээч Жулио Бордон хэлэлцүүлэгт “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг
шинэчлэх, санхүүгийн стратеги боловсруулах судалгааны хамрах хүрээ урьдчилсан
дүн”-г танилцууллаа. Түүний танилцуулгаас товчхон дурдвал:
Монгол Улсад цалингийн хуваарилалт тэгш бус, цалин хөлсний 30 хувь нь
цалингийн доод хэмжээнээс доогуур байна. Ядуу хүн гэдэгт сард 166 мянган төгрөгөөс доош
орлоготой хүн амыг хамрууллаа. Монгол Улсад ядуурал сүүлийн 6 жилд тогтвортой өссөөр 2020 онд 27,8 хувьд
хүрсэн. Ядуурлын 60 гаруй
хувь нь хот суурин газарт байна. Нийт ажилчдын 30 хувь нь цалин орлоготой ч мөн
л ядуу байна. Ядуусын 65
хувь нь бага, дунд болон техникийн боловсролтой, 10 хувь нь дээд боловсролтой байгаа аж.
Нийгмийн хамгааллын
хамрагдалтын хувьд Монгол Улсын ахмад настнуудын 99 хувь нь нийгмийн хамгаалал,
халамж хүртэж байгаа бол 0-15 настай хүүхдүүдийн 85 хувь нь нийгмийн халамж хөтөлбөрт хамрагджээ. Монгол
айл ихэвчлэн хүүхэдтэй
тул нийгмийн халамж олонх өрхөд хүрчээ. Хөтөлбөрүүд огцом өөрчлөгдсөн нь тодорхой
мөчлөгүүдийг дагаж байна. Хүүхдийн мөнгө гэхэд 2021 онд 20 мянган төгрөг байсныг 5 дахин нэмж, 100 мянган төгрөг болгосон.
Энэ хөтөлбөр нь
хөдөлгөөнтэй учир санаа зовоосон зүйл гэдгийг Жулио Бордон тэмдэглэжээ.
Түүнчлэн, ядуурлыг багасгах, ядуурлаас сэргийлэх зорилготой хүнсний талоны хөтөлбөрт нийт ядуу өрхийн 18.8 хувь хамрагдсан
нь хүн амын зорилтот
бүлгээ тодорхойлох нь хангалтгүй байна гэжээ. Нийгмийн хамгаалалд хамрагдахгүй хүн
ам ч байна. Тэтгэмж хүртэгчдийн дунд ядуу бус 1.7 хувь байгаа зэрэг тоон мэдээлэл өгсөн юм.
Дээрх судалгаанд 8 зөвлөх судлаачаас бүрдсэн баг, их сургуулийн судлаач, олон
улсын зөвлөхүүд ажилласан байна. Ингэхдээ Сангийн яамны 2005-2016 оны дунд хугацааны төсвийн
хүрээний мэдээлэл, Засгийн газрын тогтоолд дүн шинжилгээ хийж, ҮСХ, ОУХБ,
Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагын дата мэдээллийг ашиглажээ.
Хэлэлцүүлэгт
ХНХЯ, ХХААХҮЯ, НДЕГ, ЭМДЕГ, олон улс, нийгмийн түншүүд, иргэний нийгмийн
байгууллагын төлөөлөл, ОУХБ-ын Ази, Номхон далайн Нийгмийн хамгааллын
мэргэжилтэн Нуно Куна, Маастрихтын их сургуулийн нийгмийн хамгааллын судлаач
эрдэмтдийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.