АНУ-д бага насны хүүхдүүдийг энэ сарын сүүлээс вакцинжуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-03 13:43:26

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д таваас доош насны хүүхдүүд зургаадугаар сарын 21-нээс “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой болж магадгүй гэж Цагаан ордны “COVID-19”-ийн асуудал хариуцсан өндөр албан тушаалтан пүрэв гарагт мэдээлжээ. Одоогоор холбогдох байгууллагууд хоёр вакциныг нарийвчлан судалж байгаа юм.


“Бага насны хүүхдүүдээ вакцинжуулах хүсэлтэй эцэг эхчүүд олон байгааг бид сайн мэдэж байгаа. Вакцинд зөвшөөрөл олгох үйл явц зохих бүх дүрэм журмын дагуу явагдана” гэж Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч, доктор Ашиш Жа хэлсэн байна.


Түүний мэдээлснээр, Засгийн газар баасан гаргаас эхлэн муж улс, эмийн сан, эрүүл мэндийн төв, холбооны байгууллагуудын захиалгын дагуу 10 сая тун вакциныг бэлдэх бөгөөд Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ зөвшөөрөл гарсан даруйд түгээж, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ зөвшөөрөл олгосны дараа хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ. Ийнхүү эдгээр үйл явц саадгүй явагдвал хүүхдүүд зургаадугаар сарын 21-нээс вакцинд хамрагдаж эхэлнэ гэж тэрбээр таамаглажээ.


АНУ-д одоогоор тав болон түүнээс насны хүүхдүүд “COVID-19”-ийн вакцины хоёр тун болон нэмэлт тунд хамрагдаж байгаа юм. “Вакциныг бага насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрвөл насанд хүрэгчдэд тарьж байгаагаас бага тунд хамруулна” гэдгийг А.Жа хэлжээ. Мөн Засгийн газар дархлаажуулалтыг ажлын болон хичээлийн бус цагаар явуулах боломж бүрдүүлэхэд анхаарч байгаа ажээ.


Moderna” компани хүүхдүүдийг вакциндаа хамруулах зөвшөөрлийг дөрөвдүгээр сарын сүүлээр хүссэн бол “Pfizer” өнгөрсөн сард хүсэлт гаргасан юм. “Kaiser Family Foundation” байгууллагаас саяхан явуулсан санал асуулгаар таваас доош насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн 18 хувь нь хүүхдүүдээ аль болох ойрын хугацаанд вакцинжуулах хүсэлтэй байгааг тогтоожээ. Харин 38 хувь нь түр азнаж ажиглана гэж хариулсан бол үлдсэн 38 хувь нь “огт үгүй” эсвэл шаардлагатай тохиолдолд л хийлгэнэ гэсэн хариулт өгчээ.


Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, эцэг эхчүүдийн хүүхдүүдээ вакцинд хамруулах идэвх сул байгаа бөгөөд одоогоор хүүхдүүдийн ердөө 30 хүрэхгүй хувь нь вакцин хийлгэсэн байна. "CDC"-ийн хувьд хүүхдүүдэд зориулсан бага тунт вакцин нь аюулгүй, үр дүнтэй гэдгийг онцолж байгаа юм. Хэдийгээр хүүхдүүдийн хүндээр өвчлөх тохиолдол нь насанд хүрэгсдийнхтэй харьцуулахад цөөн байгаа ч цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д “COVID-19”-ийн улмаас таваас доош насны 479 хүүхэд нас баржээ. 

Холбоотой мэдээ