Бөөн бургастад 429 ширхэг мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-02 14:59:47
Архангай /МОНЦАМЭ/. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хотонт сумын уугуул Чоёнгийн Осорын үр хүүхэд, ач зээ, гуч дөч нар Бөөн бургас гэдэг газарт мод тарьжээ.
Бургас нь сийрэгжиж устахад хүрсэн, хог хөглөрч, ус нь татарч байсан газрын 500 метрт хашаа татаж, хаалга гарган хаяг самбар байрлуулав. Гол доторх болон эрэг орчмыг цэвэрлэж, 4 портер хогийг хаяжээ.
Энд бургас 139ш, улиас 99ш, хайлаас 99ш, голт бор, монос, улаалзгана, буйлс нийт 429 ширхэгийг тарьж, 10 төрлийн цэцэгний үр суулгасан байна. Мөн усалгааны систем суурилуулж, арчилж ургуулах ажлыг хийсээр байгаа аж.
Бөөн бургасаа цэцэрлэгжүүлэн өргөжүүлсээр Бөөн-Баян бүрд болгох хэтийн зорилготой гэлээ. Хашааны ойролцоох самбарт "Байгаль ариун байж бие тань эрүүл байна. Байгаль тайван байж сэтгэл түвшин байна. Байгаль дагшин байж бидний заяа дэлгэрнэ. байгаль амьд байж бидний амьдрал үргэлжилнэ... гэж бичжээ.
Ирээдүй хойчдоо үлдээх хөрөнгө оруулалт буюу мод тарих энэ үйлийг тэд өвөг дээдсийнхээ буянд зориулжээ. Байгалиа нөхөн сэргээж, нутагтаа нэгэн сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болох эхлэлийг ийнхүү тавьсан тухай мэдээллийг Архангай медиа группын Хотонт сум дахь сурвалжлагч И.Бүзмаа мэдээлэв.
Холбоотой мэдээ