БНАСАУ-д халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо гурван саяд дөхжээ

ДЭЛХИЙД | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2022-05-24 10:50:05

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 134 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрснээр ийм тохиолдлын тоо гурван саяд дөхжээ.


Өнөө өглөө Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, өнгөрсөн хоногт 134 510 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


БНАСАУ-д өдөрт илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо өнгөрсөн бямба гарагт 219 030-д хүрснээсээ хойш гурван хоног дараалан 200 мянгаас доошилж буураад байгаа нь энэ юм. “KCNA”-ийн мэдээлснээр, халдвараар 68 хүн /0.002 хувь/ нас баржээ.


Нийт 24 сая гаруй хүн амтай БНАСАУ халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдлуудын талаар дөрөвдүгээр сарын сүүлээс мэдээлж эхэлсэн бөгөөд даваа гаргийн байдлаар нийт тохиолдлын тоо 2.94 саяд хүрснээс 2.54 сая гаруй хүн эдгэрч, 400 230 өвчтөн эмчлүүлж байна.


KCNA” БНАСАУ вирусний халдварын нөхцөл байдлыг үр дүнтэй хяналтад авч байгааг цохон тэмдэглэжээ. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд шилжсэнээс хэдхэн хоногийн дараагаас өвчлөл эрс буурч, эдгэрсэн хүний тоо нэмэгдсэн байна.


БНАСАУ-ын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүд одоо коронавирусний тархалт, түүний далд үе, шинж тэмдэг, дахин халдварлах байдал, эмэнд үзүүлэх хариу урвалын талаар судлахын тулд “халуураад эдгэрсэн” өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийж байгаа юм байна.


Мөн Пёньян ард иргэдээ эмээр илүү сайн хангахын тулд эмийн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж “KCNA” мэдээлжээ.


Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар илрээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ тавдугаар сарын 12-нд “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлж, “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд” шилжиж буйгаа зарласан юм.


Тус улс БНСУ-ын талын “COVID-19”-ийн тусламж үзүүлэх саналд одоогоор хариу өгөөгүй хэвээр байна.

Холбоотой мэдээ