ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалтыг хяналтад авах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-24 09:59:16

ЖЕНЕВ. /BBC/. Африк тивээс гадна дэгдэж буй сармагчны цэцэг өвчний тархалтыг хяналтад авах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээлжээ.  


Биеэр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрдэг энэ өвчний 100 гаруй тохиолдол Европ, Америк, Австралид батлагдаад байгаа юм.


Цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ч нийт хүн амд учрах эрсдэл маш бага гэдгийг судлаачид хэлж байна. Уг вирус нь Төв, Баруун Африкийн алслагдмал хэсгүүдэд түгээмэл бүртгэгддэг.


ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керхове даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, нөхцөл байдлыг хяналтад авах боломжтой гэдгийг онцлоод, эндемик бус орнуудад халдвар хүнээс хүнд дамжихыг зогсоож чадна гэжээ.


Одоогоор вирус Африкаас гадна оршдог 16 оронд бүртгэгдээд байгаа юм. Энэ нь сүүлийн 50 жилд Африкаас гадна дэгдсэн хамгийн том тархалтад тооцогдож байгаа ч сармагчны цэцэг өвчин нь хүмүүс хооронд амархан тархдаггүй бөгөөд учрах аюул эрсдэлийн хувьд коронавирусний цар тахалтай харьцуулахуйц биш байна.


Вирус халдвартай хүний арьсанд хүрсэн тохиолдолд дамжиж байгаагаас гадна халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хөнгөн өвчилж байгааг М.Керхове хэлжээ. ДЭМБ-ын өөр нэгэн төлөөлөгчийн ярьснаар, сармагчны цэцэг өвчний вирус мутацид орсон гэх нотолгоо одоогоор байхгүй байна. Энэ бүлгийн вирусууд “мутацид орох хандлага бага, нэлээд тогтвортой байдаг” гэж тэрбээр тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ