60 км замын зөвлөх болон гүйцэтгэгч компанид шаардлага тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-18 17:18:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км автозамын засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчидтэй уулзаж, санал солилцлоо.

Тухайлбал, хучилт хийгээд дууссан 21.6 км замын цууралт, хагарлуудыг засварлаж, дахин өнгөн хучилт хийх, наадмаас өмнө ашиглалтад бүрэн оруулж хөдөлгөөнийг нээх, мөн үлдсэн 40 орчим км замыг засварлахдаа хэсэгчлэн хааж, зорчигчдыг аль болох засмал замаар явуулах шаардлагыг тавьсан юм.

Төслийн удирдагч Жан хэлэхдээ “21.6 км замд 59 цэгийн гүүрэн хоолойг засварлахаас 28 хоолойг бүрэн шинэчилж, 26 цэгийн хоолойг засварлахаар гэрээнд тусгагдсан. Гэвч зөвлөх компаниас дахин 10 хоолойг бүрэн шинэчлэх шаардлагатай гэж үзсэн учраас ЗТХЯ рүү хүсэлт явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Энэ шийдвэр гарчихвал бид замын эхний хэсгийг 6 дугаар сарын 15-наас өмнө бүрэн дуусгана” гэлээ.

Замын засварын ажилд одоогоор 30 гаруй монгол хүн өдрийн 12 цагийн турш 50 мянган төгрөгөөр ажиллаж байгаа бөгөөд 13 дахь цагийг 7 мянган төгрөгөөр үнэлдэг гэнэ. Өнгөрөгч жил ажилласан 44 иргэн хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй байгаа аж. Учир нь туслан гүйцэтгэх гэрээгээр ажилласан монгол компани тухайн иргэдтэй гэрээ байгуулж ажиллуулсан бөгөөд цалинг олгоогүй гэх асуудал шүүхээр шийдвэрлүүлэх шатанд яваа юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс “Туслан гүйцэтгэх компани 138 мянган долларын гүйцэтгэл хийсэн ч 250 мянган долларын санхүүжилт олгосон” гэж байлаа.

Мөн тус замд ажиллаж байгаа монгол иргэд нийгмийн даатгал төлөх хүсэлгүй байгаагаас шалтгаалж, Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа аж. Гэсэн ч хуулийн хүрээнд Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэсэн шаардлагыг аймгийн зүгээс тавьж байгаа юм.

Уулзалтын үеэр тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, ХАБ-ын ажилтны орон тоог нэмж, гурав болгох, Зөвлөх компанийн зүгээс хяналтаа сайтар тавих үүрэг чиглэлийг өгөв. 

Холбоотой мэдээ