Нөхөх олговрыг гардуулан өглөө

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-05-16 16:31:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нэгдүгээр багийн иргэн Хандын Цэрэнсономд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 80 /ная/ сая төгрөгийн нөхөх олговор олгох шийдвэр гарчээ.

Дээрх нөхөх олговрыг эдүгээ 94 настай иргэн Хандын Цэрэнсономд аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар, Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нар гардуулан өглөө. 

Х.Цэрэнсоном нь хэлмэгдэгч аав Буянгийн Гэндэнжамцын нөхөх олговрыг авахаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст хандаж, холбогдох материалыг бүрдүүлэн хууль ёсны дагуу нөхөх олговрыг гардаж байна.

Хуульд заасны дагуу “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох"-оор тус тус заажээ.

Ташрамд дуулгахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу хэлмэгдсэн иргэдийн төрсөн болон үрчилж авсан хүүхдүүдээс материалын бүрдэл хангаж 2020 онд  9 иргэнд 680  сая төгрөгийн, 2021 онд 4 иргэнд 121 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон бөгөөд 2022 онд 4 иргэний 240 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэгдэн эхний 5 иргэнд 40 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа аж.

Холбоотой мэдээ