ТИКА-гаас Монголын Хүүхдийн ордны "Ардын хөгжмийн иж бүрэн кабинет"-ыг тохижуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-25 15:23:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын ТИКА олон улсын байгууллагаас 2021-2022 оны хичээлийн жилд Монголын Хүүхдийн ордны "Ардын хөгжмийн иж бүрэн кабинет"-ыг тохижуулжээ.


Энэ хүрээнд их хуур 2, морин хуур 5, эвэр бүрээ 2, ардын бишгүүр 2, ёочин 2, хэнгэрэг, бөмбөр зэрэг 20 гаруй хөгжмийн зэмсгийг өнөөдөр хүлээлгэн өгөв.

Монголын Хүүхдийн ордон Ардын хөгжмийн “Нүүдэл чуулга” болон Үндэсний цөөхүүл хөгжмийн бүрэлдэхүүнийг 2014 онд байгуулж, хүүхэд багачуудад үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ТИКА-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар уг төслийг хэрэгжүүлсэн байна.  

Хөрөнгө оруулалтын үр дүнд 2021-2022 оны хичээлийн жилд Ардын хөгжмийн “Нүүдэл чуулга”-ын 52 сурагчаас гадна үндэсний хөгжмийн сурагчид тус кабинетэд хичээллэх бүрэн боломжтой болж байна.

ТИКА олон улсын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн жилд “Англи хэлний иж бүрэн лингафон кабинет”-ыг тохижуулжээ. Жил бүр тус кабинетэд гадаад хэлний 4 дугуйлангийн 300 орчим сурагч суралцаж байгаа аж.

Төслийн нээлтэд БНТУ-ын ТИКА төслийн байгууллагын дэд ерөнхийлөгч Үмит Нажи Ёралмаз, НЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү болон ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, дэд координатор Жейлан Атмажа, ТИКА-гийн Монголыг хариуцсан мэргэжилтэн Хатижэ Мүгэ Өзкан нар оролцов.







Холбоотой мэдээ