"Phoenix New Times": “Хү” Монголын уламжлалт хөгжмийг Финикст авчирч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-20 12:18:47

ФИНИКС. /Phoenix New Times/. Хөгжим бол улс орнууд, соёл уламжлалыг холбох гүүр. Ийм нэгэн гүүрийг байгуулсан “Хү” хамтлагийн гишүүд Монголын эртний Хүннү соёлд хүндэтгэл үзүүлэн нэрлэсэн Хүннү урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тэд Хойд Америкт хийж буй “Хар аянга” аялал тоглолтынхоо хуваарийн дагуу АНУ-ын Аризона муж улсын Финикс хотын “The Van Buren” танхимд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тоглолтоо хийх гэж байна.


“Хү” хамтлагийн уран бүтээлүүд ер бусын хөг аялгуутай. Монголын өв соёлын талаар сайн мэдэхгүй сонсогчийн хувьд тус хамтлагийг прогрессив металл жанрт хамаатуулах магадлалтай. Тэдний уран бүтээлүүдээс хамгийн олонд хүрснийг нь дурдвал 2020 онд гаргасан “Гэрэг” цомгийнх нь “Чонон сүлд” дуу бөгөөд энэхүү уран бүтээл нь Америкийн “Soulfly, Cavalera Conspiracy, Nailbomb зэрэг рок хамтлагуудын зарим дууны амжилтыг даваад байгаа юм. Тэдний хөгжим уламжлалт рок уран бүтээлүүдтэй төстэй сонсогдох ч америкчуудын сонорт танил бус нэгэн зүйл бий.


Тодруулбал, “Хү” хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг хөөмийтэй хослуулан гайхалтай уран бүтээлүүдээ туурвидаг. Үүнд Австралийн уугуул иргэдийн хөгжмийн зэмсгийнхтэй төстэй дуу авиа сонсогдох ч ийм хөгжим байхгүй нь тодорхой. Хүсэл тэмүүлэлтэй хөгжим судлаачдын хувьд “Хү”-г заавал үзэж, сонсож, мэдрэх хэрэгтэй, учир нь ийм хамтлаг өөр хаана ч байхгүй. Тус хамтлагийн ахлагч нь дуучин, морин хуурч Галаа бөгөөд дуучин, морин хуурч Энхүүш, хөгжимчин, дуучин Жаяа, товшуур хөгжимчин Тэмка нараас бүрддэг.


2020 онд “Metallica” хамтлаг “Black Album” төсөлдөө зориулан “Sad But True” дуугаа шинээр туурвихыг “Хү”-гийнхнээс хүссэн юм. Ийнхүү Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд, цахилгаан гитар, бөмбөр, хөөмийн хослол нь тус цомгийн хамгийн сонирхол татахуйц шинэчлэн туурвисан дуу болж, “Metallica”-гийн шүтэн бишрэгчдийн заавал сонсох уран бүтээл болсон билээ.


Ингээд та бүхэнд Аризона муж улсын Финикс хотод төвтэй “Phoenix New Times” цахим хуудсанд Гала, Жаяа, Тэмка нарын “Zoom” хавсралтаар дамжуулан өөрсдийн хөгжим, Америкт хийж буй аялан тоглолт, дуртай хамтлагуудынхаа талаар хуваалцсан ярилцлагыг хүргэе.


-“Phoenix New Times”: Монголын хөөмийн талаар бидэнд сонирхуулаач?

-Тэмка: Хөөмий өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн учраас бид үе дамжин ирсэн баялаг гэж үздэг. Тодруулбал, уламжлалт хэв маягаа хадгалан ааваас хүүд өвлөгдөх замаар үеэс үед дамжин өнөөг хүрсэн түүхтэй. Хөөмийг уран бүтээлдээ хослуулах нь Хүннү рок урсгалын онцгой байдлыг тодотгоход маш сайн тохирно гэж хамтлагийн продюсер Дашка үзсэн учраас Монголын уламжлалт хөгжмийг төлөөлүүлэхээр сонгосон.


-Хөөмий тун өвөрмөц аялгуутай. Харин та бүхэн Хойд Америкийн хөөмийтэй төстэй зүйлийн талаар мэдэх үү? Хоорондоо ижил төстэй тал бий болов уу?

-Жаяа: Тиймээ, бид Америкийн уугуул иргэдийн аялгууны талаар мэднэ. Монголын хөөмийн хувьд бид бараг л хөгжмийн зэмсэг мэтээр ашигладаг. Тэгэж ч сонсогддог. Эдгээрийг зорилгын хувьд хоорондоо төстэй гэж бодож байна.


-Хойд Америкт аялан тоглож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монгол, Америкийн хөгжмийг харьцуулбал?

-Гала: Хүннү рок урсгалд өв уламжлал шингэсэн зүйл олон бий. Бид өвөг дээдсээсээ олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн уламжлалт үнэ цэнийг уран бүтээлдээ шингээхийг хичээж, өвлөгдөн ирсэн хөгжмийн зэмсгүүдээрээ тоглодог. Эдгээр хөгжмийн зэмсэг бүхэн маш өвөрмөц онцлогтой, хүннү рок урсгал ч мөн ялгаагүй.


-Тэмка: Бид аялан тоглолтоороо олон наадамд уран бүтээлээ толилуулж байгаа. Тайзан дээр гарахынхаа өмнө ажиглахад хүнгүй мэт байдаг ч тайзан дээр гараад үзүүлбэрээ үзүүлж эхлэхэд хүн бүр цугларан ирж үздэг. Үзэгчид асар их эерэг энерги, хандлагатай байгааг бид анзаарсан. Хөгжим эхлэхэд бүгд уухайлан хашхирч, уран бүтээлийг маань баяртайгаар хүлээн авдаг. Хойд Америкийн аялан тоглолтуудаас маш сайхан сэтгэгдлүүд ирж байгаад бид баяртай байгаа. Биднийг дэмжихээр олон шүтэн бишрэгч маань ирж байгаа.


-Танай хамтлаг, хөгжмийн талаар Америкийн шүтэн бишрэгчид тань юуг мэдээсэй гэж хүсэж байна?

-Жаяа: Хүннү рок бол өнгөрсөн, ирээдүйг хослуулсан урсгал. Бидний үнэнч шүтэн бишрэгчид үүнийг сайн мэдэж байгаа, тэд Хүннү гүрний талаар, бидний түүхийн талаар судалдаг болсон. Хойд Америкчуудаас бидний талаар илүү их судалж, Хүннү рок урсгалыг илүү сайн ойлгоосой гэж хүсэж байна.


-Манай уншигчид Монголын өөр ямар хөгжмийн талаар мэдэх хэрэгтэй вэ?

-Гала: Монголд поп дуучид, орчин үеийн уран бүтээлчид олон бий. Манай продюсер Дашка бол Монголын алдартай дуучдын нэг юм.  


-Монголд танай хэв маяг, амжилтыг даган дуурайхыг хүсдэг хамтлагууд бий юу?

-Тэмка: Бид 2016 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш 2019 онд анхны аялан тоглолтоо хийх хүртлээ гурван жил бэлтгэл сургуулилалт хийсэн. Уламжлалт хөгжмийн зэмсгүүд, хөөмийг орчин үеийн урлаг, хөгжмийн өөр төрлүүдтэй хослуулах хүсэлтэй хүмүүс олон байсан. Бид хүмүүсийн хүсэж байсан зүйлийг бүтээж чадсан гэж хардаг.


-“Metallica” хамтлагтай хамтран ажиллахад ямар байсан бэ?

-Гала: Бид “Metallica”-тай хамтран ажиллахдаа маш их баяртай байсан, “Black Album” төсөлд нь хувь нэмрээ оруулсандаа бахархалтай байна. Бид “Sad But True” дууг шинэчлэн өөрсдийн хувилбарыг бүтээсэн. “Metallica”-тай хамтран ажиллахад сайхан байсан.


-Аризонагийн хамтлагуудаас дуртай хамтлаг бий юу?

-Жаяа: Аризонагаас гаралтай хамгийн дуртай уран бүтээлч маань Честер Беннингтон. Бид түүнийг шүтэн биширч, хэзээ нэг өдөр хамтдаа уран бүтээл туурвина гэж найдаж байсан боловч түүнийг таалал төгссөн талаар сонсоод гүнээ гашуудаж байлаа. Элис Купер хамтлаг бол домог, урам зориг авдаг уран бүтээлчдийн маань нэг. Бид тэдний уран бүтээлийг сонсох их дуртай. 

Холбоотой мэдээ