“Улаанбаатарын тунхаглалын хэрэгжилтийг дэмжих хөгжлийн түншлэгчдийн хамтын ажиллагаа” уулзалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, Жендэрийн үндэсний хороо хамтран “Улаанбаатарын тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөгжлийн түншлэгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг уулзалтад дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцож, Жендерийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-ний дагуу олон талт хамтын ажиллагаа, түншлэлийн талаар санал солилцов. Уг стратегийг 2031 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилтийг хангахад онцгой ач холбогдолтой болохыг оролцогчид онцлож байв.
Оролцогчид Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байлаа.