Япон уран бүтээлчдийн 30 жилийн өмнө бэлэглэсэн зурагт хуудсуудыг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-01 17:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Япон улсын хөгжил цэцэглэлт, түүх, урлаг, соёл, шашин, үндэсний бахархал, техник технологийн дэвшлийг харуулсан Зурагт хуудас 30 жилийн дараа" үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэлээ.

 

Монгол Улс, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан уг үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт 1991 оноос бүртгэгдэн хадгалагдаж буй 100 гаруй зурагт хуудасны цуглуулгаас дэлгэн үзүүлж байна.

 

Эдгээр зурагт хуудсыг одоогоос 30 жилийн өмнөх Японы зураач, мэргэжлийн дизайнеруудын бүтээсэн бөгөөд XX зууны 90-ээд оны Японы реклам чимэглэл, график дизайн, хэвлэлийн технологийн хөгжлийг танилцах боломжийг үзэгчдэд олгож буй юм.

 

Түүх сөхвөл, 1991 оны 6 дугаар сард Япон улсын соёлын өдрүүдийг түүхэнд анх удаагаа Монгол Улсад зохион байгуулжээ. Хоёр долоо хоногийн хугацаатай зохион байгуулсан Соёлын өдрүүдийн хүрээнд Япон Улсын ГХЯ-ны орлогч сайд ноён М.Судуки, Японы парламентын 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, мөн "Ямаха" хөгжмийн фондын чуулгаар шалгарсан хүүхдүүдийн тоглолт, уран сайхны болон баримтат кино, үзэсгэлэн, профессор Р.Хироно "Зах зээл"-ийн асуудлаар, профессор Хара "Боловсрол"-ын асуудлаар Монголын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах зэрэг олон ажил зохион байгуулсан байна.

 

Өдгөө дэлгэн үзүүлж буй зурагт хуудсыг энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд Киото хотын Урлагийн дээд сургуулийн профессор М.Хасатани Дүрслэх урлагийн музейд бэлэглэн үлдээсэн түүхтэй. Тус музейн гадаад урлагийн сан хөмрөгт бүртгэлжүүлэн өнөөг хүртэл хадгалсаар ирснийг мэргэжилтнүүд тодотгов. Мөн тус музей, Японы ЭСЯ-ны хамтын ажиллагаа дурслэх урлаг, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээс гадна музейн сан хөмрөг, үзмэр бүтээлийн хадгалалт хамгаалалт, шинжилгээ судалгаан дээр үргэлжилж байгааг дурдсан юм.

 

Энэ сарын 17-ныг хүртэл олны хүртээл болох үзэсгэлэнгийн хүрээнд маргааш Японы үндэсний тоглоом "Кэндама", Японы үндэсний “Тайшо-кото хөгжим" хүүхдийн хөгжмийн хамтлагийн тоглолт болох бол энэ сарын 9-нд "Зурагт хуудаст мөнхөрсөн Япон орон" лекц , 16-нд "Япон цайны ёслол" зохион байгуулах юм. 


Холбоотой мэдээ