Ханнес Такач: Ногоон санхүүжилтийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнө “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд болж байна. Чуулганы эхний онцлох хэлэлцүүлэг “Олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын үүрэг оролцоо” сэдвээр боллоо. Уг хэлэлцүүлэгт оролцсон Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такачаас ногоон санхүүжилтийн механизмыг хэрхэн бүрдүүлэх, энд хувийн хэвшлийн үүрэг оролцоо ямар байдаг талаар тодруулав.
-Ногоон санхүүжилтэд
хувийн хэвшлийн үүрэг, оролцоог хэрхэн яаж хангадаг вэ?
-Цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хувийн хэвшил ихээхэн чухал үүрэгтэйг онцолж хэлмээр байна. Байгаль орчин, нийгэмд ээлтэй ногоон санхүүжилтийг өргөжүүлж сайжруулахын тулд юуны өмнө одоо байгаа энгийн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжиж, эдийн засгийн бодлогоо өөрчлөх шаардлага дэлхий нийтэд тулгарч байна. Олон улсад ч тэр, Европт ч тэр ийм байдалтай байгаа. Энэ шилжилтийн гол тулгуур, хөшүүрэг нь хувийн хэвшил юм. Энэ шилжилтэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо, тэдний хөрөнгө оруулалт шаардагдана. Ногоон эдийн засагт төр, засаг дангаар шилжиж чадахгүй учир хувийн секторын оролцоо, санхүүжилтэд тулгуурлахаас өөр аргагүй. Энэ нь маш том хөшүүрэг болно.
-Танай банкнаас Монголд ногоон
санхүүжилтийн механизмыг бүрдүүлж, ногоон санхүүжилтийг нэвтрүүлж дэлгэрүүлэхэд
юу юу хийж байна вэ?
-Бид Монголын Хас, ХААН банктай хамтраад энгийн зээлээс гадна ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тусад нь гарган нэвтрүүлж байна. Ногоон зээл нь энгийн бусад зээлээс хүү бага зэргээр ялгаатай байгаа. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, ногоон, эко нийгэмд шилжихэд чиглэсэн, зорилтот бүлэгт, тодорхой шаардлагыг тавьж, хангасан иргэд, байгууллага, ААН-үүдэд өгч байгаа. Гэхдээ энэ нь том том компаниудад гэхээсээ илүү өрхийн хэрэглээнд чиглэж байгаа. Учир нь өрхийн хэрэглээнд нүүрснээс татгалзах байдлаар ая тухтай амьдрах өөр нөхцөл байдлын шийдлийг түлхүү ашиглаж буй хэрэглээнд зориулж байгаа. Тодруулж хэлбэл, ногоон санхүүжилтийн үзэл баримтлалд илүү дөт тийм хэрэглээнд тулгуурлан, санхүүжилтийг төрөлжүүлж байна.
Жишээ нь, айл өрх халаалалтын тоног төхөөрөмж, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг төхөөрөмж худалдан авах, гэр орноо илүү сайн дулаалах, нүүрснээс татгалзах зэргээр байгаль орчин, нийгэмд ээлтэй, эко орчинд шилжихэд тус дэм болох юм. Ийм хэрэглээ, ашиглалтыг санхүүжилж буйдаа бид сэтгэл хангуулан байдаг. Цаашид санхүүжилээд явна. Энэ бол бидний оруулж буй хувь нэмрийн нэг юм.