Б.Оюунсанаа: “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мянган сургагч багш бэлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-03-29 08:13:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын Эдийн засгийн чуулган-2022" форумын өмнөх салбарын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр "Ногоон санхүүжилт" сэдвээр Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилт, бэлтгэл ажил, боломж нөхцөлийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаагаас тодруулав.


-Тэрбум мод хөдөлгөөнийг манай улс яагаад санаачлах болов. Энэ талын судалгаа хэрхэн өрнөж байна вэ?

-Судалгаа хийж байгаа. “Тэрбум мод” хөдөлгөөнийг манай улс яагаад санаачлах болов гэдэг үндэслэлийг эхлээд судалсан. Шалтгаан, нөхцөл байдал гэвэл сүүлийн 80 гаруй жилд манай улсын нийт нутгийн агаарын температур 2.4 хэмээр нэмэгдэж ирсэн. Энэ бол хөдөлшгүй тоо баримт юм. Энэ нь температур дэлхийн дунджаас 2 дахин хурдацтай өөрчлөгдөж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор зөвхөн 2020-2021 онд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 90 удаа, гамшигт үзэгдэл 11 удаа тохиосон. Мөн мөнх цэвдэг гэсэж, газрын дээрх усны нөөц хомсдож, хуурайшилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь бага, дунд, хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд хамрагдаж байна.

 

Нэг. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн 3 зорилт тавьж байна


Сүүлийн 20 жилийн статистикийг аваад үзвэл, гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин ихэссэн. Үүнд ой хээрийн түймэр, хүчтэй шороон шуурга, ган, зуд орж байгаа. Нийт газар нутгийн 30 хувьд усны нөөц 80 хувиар буурсан. Ойгоор бүрхэгдсэн талбай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байгаа. Манай ойн сан түймэр, хөнөөлт хортон шавж, эмх замбараагүй мод бэлтгэл зэрэг хүчин зүйлээс болж доройтсон. Арваад зүйлийг жагсааж болох ч дээрх 3 нь гол хүчин зүйл болж байгаа. Эдгээрээс үндэслээд Засгийн газар “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичгийг боловсруулахдаа эдгээр хүчин зүйлийг оруулж, тусгаж өгсөн.


-Таны дурдсан хүчин зүйлс юунаас улбаатай байна вэ? 

-Энд 2 зүйлийг нэрлэж болно. Дэлхийн нийтээр үйлдвэржилт болон хотжилт хүчтэй явагдаж, уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж, түрүү хэлснээр манай улсад агаарын температур 3 дахин ихсэхэд нөлөөлж байна. Дээр нь монгол орны онцлог нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, газар нутгийн 80 хувь нь 1500 метрээс дээш өргөгдсөн. Ийм эх газрын уур амьсгалтай оронд уур амьсгалын өөрчлөлт илүү их сөргөөр нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манай улс олон арга хэмжээ авах учиртай юм.

Дэлхий нийтийн чиг хандлагыг аваад үзвэл, үйлдвэрүүдийн технологийг байгаль орчинд ээлтэй болгон өөрчилж сайжруулах, машин тэргийг цахилгаан болон устөрөгчийн болгох, ногоон эдийн засаг руу шилжих зэргээр улс орон бүр олон арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд дээрх арга хэмжээний заримыг төлөвлөхөөс гадна тэрбум мод тарих хөдөлгөөнийг сонгон өрнүүлж байна. Мод тарьснаар нэгд, хүний амьдралын таатай орчин нөхцөл бий болгож, сайжруулна. Орчинг сайжруулна гэдэгт байгаль орчин, хотын орчин ч хамаарч байгаа. Нүүрс хүчлийн ялгаруулалтыг багасгана. Ойн санг нэмэгдүүлнэ.

Мод бол хүлэмжийн хийг хамгийн сайн шингээдэг гол зүйл учраас энд түлхүү анхаарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөр, хөдөлгөөний хүрээнд бид одоо байгаа нийт нутгийн 7.9 хувийн ойгоо 9 хувьд хүргэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтод хүрэхийн тулд бидэнд маш их мод тарих хэрэгтэй байгаа юм. Ийм ийм хүчин зүйл, шалтгаан нөхцөл байдгаас тэрбум мод тарих хөдөлгөөн үүссэн.


Б.Оюунсанаа: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт нутгийн 7.9 хувийг эзлэх ойгоор бүрхэгдсэн талбайг 9 хувьд хүргэхийг зорьж байна.


-Тэгэхээр тэрбум мод тарих боломж, шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Тийм ээ. Бид дэлхийд байхгүй зорилт тавьж байгаа юм биш. Энэ талаар судалсан. Бусад улс оронд ч ийм зорилт тавьж байгаа. Жишээ нь, Шинэ Зеланд болон Вьетнам улс мөн адил манайх шиг тэрбум мод тарина гэж зорин төлөвлөлт хийгээд ажиллаж байна. 2018 оноос эхэлсэн Шинэ Зеланд улс өнгөрсөн оны байдлаар 350 сая мод тариад байна. Манайхаас уур амьсгал таатай Европын холбооны орнууд хүртэл их мод тарих хэрэгтэй байна гээд 2030 он хүртэл 3 тэрбум модыг одоо байгаа ой дээрээ нэмж тарьж эхлээд байна. Пакистан улс мөн 2030 он гэхэд 10 тэрбум мод тарина гээд төлөвлөөд ажиллаж байна. БНХАУ сүүлийн 40 жилд 78 тэрбум мод тариад байна. 

Манай улсын хувьд ойн сангаар авч үзвэл 1.8 сая га талбай доройтоод байгаа. Бид “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас байгуулж цөлжилтийн эсрэг тэмцэх, суурьшлын бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн 3 чиглэлийн зорилт төлөвлөөд байгаа. Эдгээрийг тус тусад нь тодруулж хэлбэл, доройтсон ойгоо нөхөн сэргээх нь дэлхий нийтийн жишиг ажиллагаа. Нөхөн сэргээнэ гэдэг нь ой дахь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна гадаргын усны тэнцвэрт байдлыг хадгална гэсэн үг. Учир нь голын эхээр ургаж буй ой мод чухал үүрэгтэй байдаг тул энд анхаарна.


Говь, хээрийн бүсэд элс, шар шороон шуурганд байнга өртөж цөлжиж байгаа газар нутагт хамгаалалтын зурвас байгуулан мод тарина.


Энд зөвхөн зурваслаад тарих бус, тухайн аймаг, сум, орон нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тааруулан, усных нь эх үүсвэрийн боломж бололцоонд нь тохируулан ХАА-тай хосолсон хэлбэрээр, агро ойн аж ахуй гэсэн концепцийг хэрэгжүүлэх юм. Энэ нь тухайн орон нутгийн онцлогоос хамаараад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, эмийн ургамал, хадлан, малын тэжээл зэргийг тарина. Хуучин хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байсан аймаг, сумдад аж ахуйнуудыг мод тарихтайгаа зэрэгцүүлэн сэргээн хөгжүүлэх юм. Ингэснээр тухайн орон нутагт ажлын байр бий болж, иргэд орлоготой болно гэж үзэж байгаа.

Дүгнэж хэлэхэд, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тавьж буй дээрх 3 зорилт нь яаж хэрэгжих вэ гэхээр хүн төвтэй байж, байгаль цаг уурын нөхцөлийг харгалзан тооцож,  тэр нөхцөл байдалд нь таарсан, ургах бололцоотой модыг тарина гэсэн чиглэлээр ажиллаж байна. Түүнээс биш ургах бололцоогүй модыг нь тарихаар байгаль эх өөрөө, угаасаа хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.


-“Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд ойн инженер мэргэжилтнүүд хэр бэлтгэгдсэн, хангалттай боловсон хүчин бэлэн үү, бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-“Тэрбум мод” хөтөлбөр бол манай улсын хувьд урд өмнө хийж, хэрэгжүүлж байгаагүй, том төсөл. Удаан хугацаанд хэрэгжих том төсөл учир боловсон хүчин маш их хэрэгтэй, шаардагдаж байгаа. Тиймээс энд шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн нарийн тооцоо, нийгэм, эдийн засгийн, экологийн өгөөж, ач холбогдлыг харгалзсан төлөвлөлт хэрэгтэй байгаа юм. Ингэж байж Үндэсний хөтөлбөр хэрэгжинэ.

Том ажил хийж буй учир бэлтгэл ажил их чухал байгаа. Үүнд, таны хэлснээр мэдээж боловсон хүчний асуудал орно. Ойн чиглэлээр өнөөдөр манай улсад, МУИС, ХААИС, ШУТИС, Олон улсын Улаанбаатар их сургуульд яг ойн чиглэлээр, бакалавр, магистр, докторын зэргийн түвшинд ойн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. Байгаль орчны ерөнхий чиглэлээр бол олон сургууль сургаж байгаа. Яг ойн чиглэлээр суралцагчдын тоо бол сүүлийн жилүүдэд багассан.


Хоёр. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мянган сургагч багш бэлдэнэ


Нэг ангид дунджаар 4-5 оюутан суралцаж байна. 4 курсээр авч үзэхэд жилдээ 20 шахам оюутан төгсөж байна. Боловсон хүчин хангалтгүй байгаа. Гэхдээ “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн зарлагдаж өрнөж эхэлж буйтай зэрэгцэн, зах зээл, ажлын байртай бас холбоотой байх,  ойн чиглэлээр суралцах сонирхол бол залуучуудад нэмэгдсэн.


Ер нь бол, эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтад ойн инженер мэргэжилтэн орсон байгаа. Тиймээс ийм нөхцөлд бид юу төлөвлөж байна гэхээр оюутан залуусыг энэ чиглэлээр сурах сонирхлыг өдөөх байдлаар ажлын байр зарлаж, мөн тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож байгаа.


Богино хугацаанд юу хийхээр төлөвлөж байна гэхээр энэ 5 дугаар сард багтаан мянган сургагч багшийг бэлдэх юм.

Сум, нийслэл, дүүрэг тус бүрээс 2-3 хүнийг сонгож аваад мод тарих богино хугацааны сургалтад хамруулна. Энэ хүмүүс нь ХАА, байгаль орчны талаар суурь боловсрол мэдлэг, туршлагатай хүмүүс байх юм. Тэднийг гарын авлагаар хангаж, аймаг, сум орон нутагтаа очоод мод тарихад нь чиглүүлж өгнө, цааш нь мөн иргэдийг сургана гэсэн үг. 

Холбоотой мэдээ