Мэдээлэл дамжуулах систем суурилуулж, навигацийн үйлчилгээнд ашиглаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженерүүд гадаадаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг суурилуулж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд оруулах ажлыг энэ сарын 15-23-нд хийж дуусгалаа.
ИНЕГ агаарын
навигацийн мэдээлэл дамжуулах хиймэл дагуулын сансрын холбооны сүлжээг 2008 онд шинээр суурилуулж,
ашиглалтад оруулснаас хойш нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд тасралтгүй ашиглаж
байгаа. Сансрын холбооны
сүлжээ нь тухай үед нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг өндөр түвшинд хүргэсэн ч
тоног төхөөрөмжийн насжилт, мэдээлэл дамжуулах технологийн хоцрогдлоос шалтгаалж түрээслэж буй зурвасыг
эдийн засгийн ашигтай байдлаар хэрэглэх боломж хомсдох, нислэгийн тоо нэмэгдсэний улмаас мэдээллийн
багтаамж хязгаарлагдах, ашиглаж буй зурвасын өргөн хүрэлцэхгүй болох бэрхшээл
тулгарчээ.
Иймд сансрын холбооны сүлжээний хүчин чадлыг нэмж, техникийн хувьд нөөц бүхий
сансрын холбооны сүлжээний төв станцыг Улаанбаатар хотод, алслагдсан 24
байршилд телефон яриа, тоон
өгөгдөл дамжуулах газрын станцуудыг угсарч суурилууллаа. Шинэ технологийн
сансрын холбооны сүлжээ нэвтрүүлснээр дараах давуу тал, ашигтай нөхцөл боломж
бүрдлээ.
Тухайлбал, сансрын холбооны сүлжээний тоон мэдээллийг өргөн зурвасаар, өндөр хурдтай, алдаа бага дамжуулах, IP технологид суурилсан агаар-газрын радио холбооны станц, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажиглалтын систем, нисэхийн суурин холбооны сүлжээ, дуун холбооны систем, шууд телефон утасны мэдээллийг дамжуулах, системийг алсын хяналт, удирдлагаар хангах боломжтой болжээ.
Мөн нислэгийн
хөдөлгөөний удирдлагын 2 дахь
төв, нислэгийн хөдөлгөөний
удирдлагын нөөц төвийг хаана ч байгуулахад тухайн байрлалд мэдээлэл дамжуулах, зохион байгуулах боломж
бүрдүүлсэн аж. Одоогийн хиймэл дагуулын түрээсээр ашиглаж
буй зурвасын ашиглалтыг 2
дахин нэмснээр эдийн засгийн үр өгөөж сайжирсан. Цаашид сансрын холбооны сүлжээг 28 газрын станцтай болгон
өргөтгөх боломжтой. 2008 онд суурилуулснаас хойш ажиллаж байсан
сансрын холбооны сүлжээний газрын станцуудыг бүрэн шинэчилснээр нислэгийн
аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн бэлэн байдал найдвартай ажиллагааг хангажээ.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний VPN сүлжээг үүсгэн тоон
мэдээлэл солилцох боломжоор ханган, 1
системд олон төрлийн боломж багтаасан технологийн энэ шийдэл нь агаарын
навигацийн үйлчилгээнд хямд зардлаар мэдээлэл холбооны сүлжээний үйлчилгээг
чанартай хүргэх боломж нээснийг ИНЕГ мэдээллээ.