Нийслэл 250 энгийн, 500 цахилгаан автобусаар парк шинэчлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс хотын бүх
дүүргийн автозамын дан болон давхар зогсоолуудыг цэгцэлж, нэг стандартад
шилжүүлэн төлбөрт үйлчилгээтэй болгон ашиглах аж. Энэ талаар Нийслэлийн
Засаг даргын орлогч Б.Оджаргал “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Ингэснээр
түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой аж. Мөн албан байгууллага, ААН-үүдийн
хашааг буулгаж газар чөлөөлснөөр явган хүний зам, автозогсоолыг нэмэгдүүлнэ гэв.
"Судалгаанд оролцосн иргэдийн 92 хувь нь нийтийн тээвэр маш муу гэж үнэлжээ. Үндсэндээ нийтийн тээвэр уналтын доод түвшинд хүрсэн гэж ойлгож болно. Тиймээс цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэв.
Эхний ээлжинд парк шинэчлэл хийнэ. Одоогоор 36, үүн дээр нэмээд 10 давхар автобус оруулахаар болж, БНХАУ-аас хилийн Эрээн боомт дээр ирсэн байгаа. Өнгөрсөн жил нийслэлийн нийтийн тээврийн тендер зарлаж 60 автобус авахаар болсон ч будилаан гарсан, гэхдээ удахгүй орж ирнэ. Энэ жилийн төсөв дээр 250 автобус худалдан авахаар тендер зарлаад байгаа. Мөн 500 цахилгаан автобус шинээр орж ирэхээр үйлдвэрлэгчидтэй ярьж байна гэв.
Гэрэл зургийг Н.Батбаяр