Нидерланд эрэгтэйчүүд, латви эмэгтэйчүүд хамгийн өндөр хүмүүсээр тодорчээ

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-07-26 13:41:13

ВАШИНГТОН. /VOA/. Нидерландын эрэгтэйчүүд болон Латвийн эмэгтэйүүд дэлхийн хамгийн өндөр хүмүүс болохыг дэлхийн даяар явуулсан хамгийн өргөн хүрээтэй судалгаа харууллаа.

Судалгааны тайланд дурдсанаар, өнгөрсөн зуунд Ираны эрэгтэйчүүд болон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж өндөр хамгийн ихээр өсчээ. Тодруулбал, иран эрчүүдийн дундаж өндөр 16.5 см, Өмнөд солонгосын эмэгтэйчүүдийнх 20.2 см-ээр нэмэгджээ.

Цагтаа дэлхийн хамгийн өндөр хүмүүсээр тодорч байсан америкчуудын хувьд өнгөрсөн зуунд дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн жагсаалтад эрэгтэйчүүд нь гуравдугаарт, эмэгтэйчүүд нь дөрөвдүгээрт бичигдэж байсан бол 2014 онд гаргасан жагсаалтад 37 болон 42 дугаарт тус тус орсон байна.

Уг судалгааг “Лондоны эзэн хааны коллеж”-ийн судлаачид удирдан явуулж, тайлангаа “eLife” сэтгүүлд нийтэлжээ. Энэ зууны эхэнд хурдацтай өссөн хэдий ч өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд зарим үндэстний биеийн өндрийн өсөлт зогссон болохыг уг судалгаагаар мөн тогтоожээ.

Ард иргэдийнх нь биеийн өсөлт зогсон нэгэн хэвийн болсон чинээлэг улсуудын жагсаалтын эхэнд  АНУ орсон бол Их Британи, Финланд болон Япон зэрэг улс удаалж байна.

Харин Испани, Италиас гадна Латин Америк болон Зүүн Азийн олон улсын ард иргэд улам өндөр болсоор байна.

Тэгвэл эсрэгээрээ Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд, Хойд Африк болон Ойрхи Дорнодын зарим улсын иргэдийн дундаж өндөр өнгөрсөн 30-40 жилд буурсан байна.

Хүний өсөлтөд генийн хүчин зүйлс чухал үүрэг гүйцэтгэдэг боловч хоол тэжээл болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг ажээ. Тиймээс хүүхдүүд, өсвөр насныхан илүү амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, илүү сайхан орчинд амьдарвал тэр хэрээр өндөр болно гэсэн үг юм.

Мөн жирэмсэн байхдаа эхийн эрүүл мэнд ямар байсан, хэр их амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байсан зэрэг нь хүүхдийн биеийн өндөрт нөлөөлдөг гэж дээрх тайланд онцолсон байна.

Өндөр нь бас хүний насжилтад нөлөөлдөг аж. Өндөр хүмүүс илүү урт насалж, илүү өндөр боловсрол эзэмшиж, илүү орлого олдог болохыг зарим судалгаагаар тогтоосон байдаг. Харин өндөр байх нь эрүүл мэндэд учрах эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ. Тухайлбал, өндөр хүмүүс өндгөвч болон түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ