Худалдаа эрхлэгч нар хөдөлмөрийн эрх зүй шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-03-07 16:29:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Худалдаачдын холбоо ТББ-аас “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлгийг “Новотел” зочид буудалд зохион байгуулав. Худалдаа эрхлэгчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө уулзалт хэлэлцүүлэг хийж байгаа аж. Уулзалтаар Худалдааны тухай хууль, худалдаа эрхлэгчдийг дэмжих сангийн тухай хуулийг УИХ-аар дахин хэлэлцэж байгуулах, худалдаа эрхлэгчдийг хөдөлмөр эрхлэгчид тооцох талаар хэлэлцлээ. Энэ талаар "Монголын худалдаачдын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Урантогосоос тодруулав.




-Худалдаа эрхлэгч нарт эрхзүйн ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Худалдаа эрхлэгч биднийг хөдөлмөр эрхлэгч гэж хүлээн авдаггүй байдал өнөөг хүрлээ. Ингэхгүй байгаагаас бид зээл авч чаддаггүй, НДШ төлөхөөс эхлээд хүндрэлтэй, хөдөлмөр, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцож чадахгүй байна. Энэ талаар төр, засгийнханд хандахаар биднийг хөдөлмөр эрхэл гэдэг. Гэтэл хөдөлмөр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэн борлуулж худалдах вэ. Үйлдвэрлэл эрхлэгч нар худалдаатайгаа хамт хоршин хөдөлмөрлөж байж улс орон хөгжинө. Тиймээс худалдаа эрхлэгч биднийг хөдөлмөр эрхлэгчид тооцохыг хүсэж, энэ талын эрхзүйг бий болгохыг шаардаж байна.




-Худалдаа эрхлэгчдийг дэмжих сан юу болсон бэ?

-УИХ-ын зарим гишүүн 2019 онд “Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сан” гэсэн хуулийн төсөл боловсруулан, энэ талын бүлэг байгуулж байсан. Энэ нь худалдаа эрхлэгч нарт хөнгөлөлттэй, 200-300 тэрбум төгрөгийн сантай, нэг худалдаачид 20 сая хүртэл төгрөгийн зээл олгож дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөл байсан юм. УИХ-д өргөн барьсан боловч тухайн үед дэмжигдээгүй, парламент дээр гацсан. Үүнийг дахин сэргээж хуулийг шинэчилж, сан байгуулахыг мөн шаардаж байна. Төр засаг ингэж бодлогоор бодитой дэмжихгүй бол худалдаачид бид зах дээр ажилладаг 10 хувийн “Өдрийн зээл”-ийн өрөнд баригдаж гүйцлээ. Энэ нь лангуун дээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хүний түрээсийн гэрээ болон худалдаж буй барааг харж байгаад олгодог өндөр хүүтэй зээл юм гэв.




Тэрээр худалдаа эрхлэгч нар эргэлтийн хөрөнгөтэй болохоор ББСБ-уудад зээл авахаар ханддаг боловч барьцаа хөрөнгөгүй, зээлийн мэдээллийн сангүй, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэггүй хэмээн үзэн зээлээс хасагддаг гэсэн юм.


Монголын Худалдаачдын холбоо 300 мянга шахам гишүүдийн мянгаас нь онлайнаар судалгаа авч үзэхэд бүгд 1-10 сая төгрөгийн зээлтэй, худалдааны томоохон зах, төвд ажиллаж буй худалдаачдын 70-80 хувь нь өдрийн зээлийн хүүд баригдаад буй дүн гарчээ.




Бизнес эрхлэгч А.Бархүү, дэлхийд алдартай “Тоёота” компани автомашин үйлдвэрлэдэг болохоос бус өөрсдөө борлуулах гэж явдаггүй, худалдааны гэрээт дистрибьютор сүлжээ компаниудаар машинаа борлуулдгийг та бүхэн мэднэ. Гэтэл манайд том компаниуд худалдаа, үйлчилгээ бүх бизнес рүү орж байна. Манайд ажиллаж буй “Cu”, “GS-25” зэрэг сүлжээ гадаадын хөрөнгө оруулалттай гэж байгаа боловч дандаа манай томоохон компаниуд оруулж ирж, монголчуудынхаа байгуулсан жижиг худалдаа үйлчилгээг шахаж байна. Худалдаа, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж буй боловч худалдаа эрхлэгч нараа энд оролцуулж хамтран ажиллах хэрэгтэй байна.




ТҮЦ ажиллуулж буй худалдаа эрхлэгч Б.Бадамзул, худалдаа эрхлэгч биднийг төр засаг, нийслэлээс хэрэгжүүлж буй худалдаа, үйлчилгээний төсөл, хөтөлбөрт хамруулж баймаар байна. Худалдаа наймаа хийж буй биднийг хөөж тууж, хязгаарлаж хориглохын оронд стандарт дүрэм журмаа батлан гаргаж өгөх хэрэгтэй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргаас захирамж гаргасан боловч газар дээрээ хэрэгжихгүй байна гэв.  



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ