С.Мөнхнасан: Монгол Улсын дээгүүр өнгөрөх нислэг 50 хувиар буурсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоо 50 хувиар буурсан гэдгийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр өнөөдөр Засгийн газрын хуралдаанд агаарын ачаа тээврийн эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн логистик төв бий болгох талаар танилцуулсан байна. Засгийн газрын хурлын дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “2019 онд Монгол Улсын дээгүүр хоногт 500 орчим нислэг өнгөрдөг байсан бол цар тахлын үед 150 болж буурсан. Өнгөрсөн сарын сүүлээр 200 орчим болж нэмэгдсэн ч сүүлийн гурав хоногт 50 орчим хувиар буурлаа. Энэ нь улс орнууд агаарын орон зайдаа хязгаарлалт хийж байгаа тул нислэгийн тоо цөөрч байгаатай холбоотой” гэлээ.
Ташрамд дурдахад, ИНЕГ 2022 онд навигацын орлогоос Монгол Улсын төсөвт 150 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой аж.