Төрийн байгууллагуудын цахим ил тод байдал сул түвшинд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-02 11:30:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилт тавин анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажил төрийн "E-Mongolia" цахим нэгдсэн үйлчилгээгээр дамжин төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртох, төрийн байгууллагын хүнд суртал, авлигыг бууруулж, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн алхамыг авч хэрэгжүүлж байна. Үүнийг цахим шилжилтийн үйл явцтай хослуулан хөгжүүлж байна.

Өнөө үед “цахим ил тод байдал” гэх ойлголт бий болсон. Цахим ил тод байдлыг тогтвортой хэрэгжүүлснээр авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах, төр-иргэд болон бусад оролцогч талын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой юм. Ил тод байдал нь сайн засаглалыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд сайн засаглалыг илэрхийлэх шинж байдлын нэг гэж олон улсын байгууллагууд тодорхойлдог. IRIM судалгааны хүрээлэн "Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс" хараат бус үнэлгээний 2021 оны тайланг гаргасныг хүргэж байна. Тус хүрээлэн уг тайланг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2010 оноос хойш 10 дахь жилдээ гарган үнэлгээний ажлыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн юм. 



Цахим нээлттэй байдлын үр дүн (яамдаар)




Үнэлгээ нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах боломж бүрдсэн эсэхийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг сайжруулах зорилготойг тодотгож байна. Үнэлгээнд төрийн нийт 88 байгууллагыг хамруулж, цахим ил тод байдлыг хангах хууль эрхзүйн орчин бүрдсэн эсэх, байгууллагын чадамж, цахим нээлттэй байдал гэсэн 3 үзүүлэлтээр “Цахим ил тод байдлын индекс”-ийг үнэлж тооцжээ



Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын өөрчлөлт. (он болон хувь)



УИХ-аас өнгөрсөн онд баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэдэд нээлттэй байх мэдээллийн цар хүрээ улам өсжээ. Энэ нь энэ төрлийн хөндлөнгийн хяналт, үнэлгээг тогтмолжуулах хэрэгцээ, шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна.




Үнэлгээний дүнгээс онцлон дурдахад, төрийн байгууллагын ил тод байдлын ерөнхий индекс (0-1 онооны хооронд хэмждэг) улсын хэмжээнд 0.602 гарчээ. Энэ нь төрийн байгууллагуудын цахим ил тод байдал сул түвшинд байгааг харуулсан байна. Дүнг 2019 онтой харьцуулахад (0.612) өөрчлөлтгүй хэвээр байна. Энэ нь хуульд заасан, зайлшгүй ил тод, нээлттэй байх ёстой төрийн мэдээллийг иргэд хүртээмжтэйгээр авах орчин, нөхцөл хангалттай бүрдээгүй хэвээр байгааг харуулжээ.






Холбоотой мэдээ