АНУ, Куба хоёр харилцан нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-07-24 13:14:54

ГАВАНА./TASS/. Куба болон АНУ-ын төлөөлөгчид энэ сарын 28-29-ны өдрүүдэд харилцан төлөх нөхөн төлбөрийн асуудлаар хоёрдахь удаагаа уулзалт хийнэ гэж Кубын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал эрхэлсэн хэлтсийн захирал мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “хоёр талын харилцааг хэвийн болгох үйл явцын хүрээнд Вашингтонд уг уулзалт болно” гэдгийг тодруулсан байна.

Харилцан төлөх нөхөн төлбөрийн асуудлаарх анхны уулзалт 2015 оны 12 дугаар сард Гавана хотод болжээ. Кубын талын хувьд, АНУ-ын зүгээс 1962 оноос хойш тус улсын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ авсаар байгаагийн уршгаар Куба улсад 833 тэрбум долларын хохирол учирсан гэх үндэслэлийг удаа дараа дурдаж байгаа юм.

Үүний хариуд Вашингтоны эрх баригчид мэдэгдэхдээ “Кубад ажиллаж байсан Америкийн иргэд болон компаниудын хөрөнгийг нийгэмчлэн хураасны улмаас 1,9 тэрбум долларын хохирол учирсан, үүнийг Кубын тал нөхөн төлөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. 1960-аад эхэн үеийн 1,9 тэрбум доллар гэдэг бол өнөөгийн ханшаар 8 тэрбум орчим доллар болно гэж АНУ-д испани хэлээр гардаг "Нуэво Геральд" сонин тооцоолжээ.  

Сануулан дурдахад, 2014 оны 12 дугаар сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро нар уулзах үеэрээ хоёр талын харилцааг хэвийн болгоно гэж мэдэгдсэний дараа Гавана, Вашингтон хоёр элчин сайдын яамдаа харилцан нээж, харилцаанд бэрхшээл учруулж буй асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн билээ. Тэдгээрийн дотор харилцан нөхөн төлбөрийн асуудал нэлээд эмзэг сэдэв болоод байгаа юм.

Б.Адъяахүү 

 

Холбоотой мэдээ