Гурван талт хамтын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-25 20:02:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, АОЭХ-ны бүрэн эрхт төлөөлөгчид хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр нь аймгийн хэмжээнд мөрдөх хүн ам, нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор үндсэн зарчмуудыг тохиролцож ажиллах хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг баталгаажуулалт юм. Гурван талт хамтын хэлэлцээр байгуулснаар аймгийн хэмжээнд ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтын хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах, хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг нийгмийн түншлэгч талууд хамтран дүгнэлт гаргах юм. Мөн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг өндөржүүлэх чиглэлээр байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэгжилтийг зохион байгуулах аж.

Энэхүү хэлэлцээрийн зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, нийгмийн хамгааллыг сайжруулах, түншлэлийг хөгжүүлэх, хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх гэсэн таван чиглэлээр тус бүр талуудын саналыг тусгаж өгснөөрөө онцлогтой ажээ.

Тус хэлэлцээр гурван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн ажлуудаа талууд тайлагнаж дүгнэлтийг хийхээр тусгажээ.

Холбоотой мэдээ