Меркель ард түмнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ гэв

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-07-24 11:35:59

БЕРЛИН. /АР/. Энгийн иргэдийг онилсон террорист халдлага нэг бус удаа болсны улмаас ард иргэд сэтгэл түгших нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Германы Канцлер Ангела Меркель “ард иргэдийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж амлалаа.

Өнгөрсөн баасан гарагийн орой  тус улсын өмнөд нутгийн Мюнхен хотод буугаар зэвсэглэсэн этгээд есөн хүн, тэдний дотор өсвөр насны хүүхдүүдийн аминд хүрсэн юм.

Цагдаа нар мэдэгдэхдээ “18 настай, герман гаралтай иран залуу уг халдлагыг ганцаараа үйлдэж, дараа нь хэргийн газраас холгүй өөрийгөө хөнөөсөн” гэв.

Түүнийг лалын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй холбоотой гэх ямар нэгэн нотлох баримт хараахан олдоогүй байгаа аж.

Холбогдох сайд нар болон албаны хүмүүстэй Меркель бямба гарагт яаралтай уулзалт хийж, ямар хариу арга хэмжээ авахыг хэлэлцсэнийхээ дараа мэдэгдэл хийжээ.

Тэрбээр хэлэхдээ “энэ хэргийн цаана яг юу нуугдаж байгааг Засгийн газар олж тогтооно” гээд “Германы ард түмний аюулгүй байдал болон эрх чөлөөг хамгаалахын төлөө төр, аюулаас хамгаалах хүчнийхэн чадах бүхнээ хийнэ” гэж амласан байна.

Нэг долоо хоног хүрэхгүй хугацаанд Германд хоёр дахь удаагаа халдлага гарсан нь энэ юм. Энэ долоо хоногийн даваа гарагт Германы өмнөд нутгийн Вюрцбург хотоос холгүй галт тэргэнд сүхээр зэвсэглэсэн, Афганистанаас ирсэн 17 настай цагаач хүү зорчигчид руу халдан таван хүнийг шархдуулсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ