Тарлан сарыг байгальд нь буцаан тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-02-21 14:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу хөлөндөө гэмтэл авсан тарлан сарыг (Buteo lagopus) нийслэлийн Байгаль орчны газрын “Ан амьтан асрах төв”-д 15 хоног асран тэнхрүүлээд, байгальд нь буцаан тавилаа.


Тарлан сар дундаж хэмжээний махчин шувуу бөгөөд “харцагынхан” овог юм. Европын хойд хойд хэсэг, Ази, Хойд Америкт нутаглан, өвлийн улиралд өмнө зүг нүүдэллэдэг. Байц хад, цохио эсвэл модонд үүр засан 4 өндөг гаргана. Задгай тал газар ан хийж жижиг мэрэгч, хөхтөн болон мал амьтны сэг иддэг.


Ойн сар шувуутай харьцуулахад илүү урт далавчтай, бүргэдтэй төстэй. Өдний өнгө зүс нь олон янз байх боловч, ерөнхийдөө ар нуруу нь бор, гэдэс хэвлий хэсэг нь бараан, толгой нь цайвар юм. Сүүл нь цагаан, үзүүр хэсэг нь хар.  Хөлийн хуруу нь үсэрхэг, биеийн хэмжээтэй харьцуулахад богино.


Нас бие гүйцсэн тарлан сар 1 кг гаруй жинтэй, далавчаа дэлгэхэд 134 см, биеийн урт нь 50-60 см болдог. Эмэгчин нь биеэр том аж. 


Улаанбаатар хотын суурьшлын бүсэд сүүлийн жилүүдэд гэмтэж бэртсэн зэрлэг амьтад орж ирэх тохиолдол нэмэгдэж байгааИймд байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 тоот утас, нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсанд мэдэгдэж байхыг нийслэлийн БОГ-аас уриаллаа. 


Холбоотой мэдээ