Монгол Улсаас гадаадад суугаа гурван ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-16 15:06:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол Улсаас гадаадад суугаа зарим Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар болов. 


Тодруулбал, Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулах аж. Хуралдаанаар, Элчин сайдын яамдад Консулын хэлтэс байгуулах ажлыг 2022 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгав.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцалсантай холбогдуулан хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс цуцаллаа.
  • Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын “Макс фаундейшн” төрийн бус байгууллагын хооронд байгуулах хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт олголоо.
  • Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
Холбоотой мэдээ