Ерөнхий сайдын БНХАУ дахь айлчлалын дүнг ҮАБЗ-д хүргүүлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-16 15:01:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 2-8-нд БНХАУ-д айлчилсан юм. Айчлалаар тэрбээр МАН-ын даргын хувиар ХКН-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, жишиг болсон харилцаа үүсгэх, хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх бодлогын баримт, бичгийг уялдуулах зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн. Тухайлбал, Монгол, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтаар, хилийн боомтод үүссэн нөхцөл байдал, бүтээн байгуулалт, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа, бүтээгдэхүүнийг хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийг дэмжиж том төсөл хөтөлбөрт оролцуулах, харилцан ашигтай хамтран ажиллах, мод тарих, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлэх, эдийн загсийн гурван талт коридорын төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. 


Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын боомтыг холбох ажлыг эрчимжүүлэх, Шивээхүрэн - Сэхэ, Бичигт - Зүүн хатавч боомтын төмөр замын хилийн шугам, дайран өнгөрөх цэгийг эцэслэх асуудлаар тохиролцоонд хүрсэн. Айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд цаашдын харилцааны чиглэлийг тодорхойлсон, харилцан ойлголцлын баримт бичиг болсон юм.

Холбоотой мэдээ