Хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон У.Санрайжавт сахилгын арга хэмжээ тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-15 16:40:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас иргэний ирүүлсэн гомдлын мөрөөр “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавт холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгасан байна.


У.Санрайжав 2014-2020 онд Дорноговь аймгийн “Чандмань бадрал” орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ах нарыг ажилд томилсон бөгөөд ингэхдээ “ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдэгдэл” гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хамаарал бүхий этгээдүүдээ шууд томилжээ.


Авлигын эсрэг хуульд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг зөрчсөн “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавт хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өнгөрсөн сарын 20-ны 05 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авсан тухай АТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ