Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-02-14 15:14:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимжиж, дэлхийн дундажтай харьцуулахад агаарын дундаж температур 2 дахин илүү буюу 2.25 градусаар нэмэгдлээ.


Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар татарсантай холбогдуулж ган, зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, газар нутгийн 76.9 хувь нь цөлжиж, гол мөрөн ширгэж, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд 33.7 хувиар хумигдаж, хайлаад байна.


Манай улс дэлхийн хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар багасгах зорилготойг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах уулзалтын үеэр тэмдэглэлээ.

 

Нөгөө талаар Монгол Улс олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн амлалт, үүргээ биелүүлэхийн тулд улс орны хэмжээнд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг багасгах, тэргүүний дэвшилтэт, байгальд ээлтэй цэвэр техник технологи нэвтрүүлэх шаардлагатайг тэрбээр онцлов.


Зөвлөлдөх уулзалтад олон улсын төсөл хөтөлбөр, түнш байгууллага, эрдэмтэн судлаач мэргэжилтнүүд оролцжээ.

Холбоотой мэдээ