Голуудын мөсний даах чадвар хэврэг, мөсний зузаан харилцан адилгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутагт урсах голуудын мөсний даах чадвар
хэврэг, мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний даац хүн мал, машин
тэрэг явах хэмжээнд хүрээгүй байгаа ажээ.
УЦУОШТ-ийн Ус судлалын харуулын ажиглагч Ц.Чулуунбат: ”Энэ жил усны түвшин асар өндөр, урсгал нь маш их хурдтай байсан. Иймээс мөсний түвшин нимгэрч, доош сууж байна” гэлээ. Мөн тус аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын төвийн инженер Б.Ууганбаяр: ”Сэлэнгэ аймгийн нутагт урсах Орхон, Хараа, Ерөө, Хүдэр голууд битүү мөсөн бүрхүүлтэй байна. Мөн мөсний зузаан 58-95 см. Сэлэнгэ мөрөн уртын дагууд битүү мөсөн бүрхүүл, ихэнх газраараа харзтай байна. Энд мөсний зузаан 48-64 см, эргийн ойролцоо 60-аас дээш см, голын дунд хэсгээр 5-10 см байна” хэмээн ярилаа.
Түүнчлэн Орхон, Сэлэнгэ мөрний голын сав дагуу харзны ус ихээр үүсч, иргэд харзанд орох нэрийдлээр голын ус дээгүүр хөдөлгөөн хийж, эрсдэл үүсгэж байгааг мэргэжлийн хүн онцоллоо. Энэ жил мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 11-70 см-ээр нимгэн байгаа аж. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч, мөс хэврэгших төлөвтэй байгаа тул иргэдийг цаг хожих нэрийдлээр голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.












