Дани коронавирусийг нийгэмд аюул учруулах эрсдэлгүй гэж үзжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-28 10:48:34

КОПЕНГАГЕН. /Sin Chew/. Дани улс ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг цуцалж, коронавирусийг нийгмийн бүтцэд дахин аюул учруулах эрсдэлгүй өвчний ангилалд оруулахаар болжээ.


Хэдийгээр Данид коронавирусний халдварын тохиолдолд эрчимтэй нэмэгдэж байгаа ч тус улс цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Ингэснээр тус улс дотоодын хязгаарлалтаа цуцалсан ЕХ-ны анхны улс болж байна.


Дотоодод амжилттай хэрэгжүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөр нь цар тахлын эсрэг “супер зэвсэг” болох нь батлагдсан учир Засгийн газрын зүгээс коронавирусийг нийгэмд аюул учруулах өвчин гэж үзэхгүй байгаа гэж Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ.


Данийн Эрүүл мэндийн сайд Магнус Хюникегийн мэдээлснээр, "одоогийн байдлаар тархаж буй коронавирусний гол омог нь омикроны дэд хэв шинж болох "ВА.2" бөгөөд энэхүү хувилбар нь ердийн омикрон хувилбараас /ВА.1/ илүү халдварлах чадвартай мэт боловч өвчний шинж тэмдэг илүү хүнд гэдэг нь батлагдаагүй байна" гэжээ.


Урьдчилсан судалгаагаар, "BA.2" нь "BA.1"-ээс 1.5 дахин илүү халдварлах чадвартай байж болох ч эмнэлэгт хэвтэх, хүндрэх эрсдэл нь хоорондоо тийм ч их ялгаагүй аж. 

Холбоотой мэдээ