Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-27 13:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Гучин таван жил гэдэг хугацаа богино мэт боловч хоёр талын хүч чармайлтын дүнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёс, ил тод, нээлттэй байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын энэхүү ойр дотно түншлэлийг цаашид улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байна” гэж тэмдэглэв.


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэндчилгээндээ “АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг, АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлье. Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна” хэмээв.


Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бүтэн жилийн турш хамтран тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж, харилцан айлчлал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ