Японы Засгийн газар Украин улсад байгаа иргэдээ татан авах асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-26 16:21:35

ТОКИО. /Kyodo/. ОХУ, Украины харилцаа хурцадмал байгаатай холбоотойгоор Японы Засгийн газар Украинд байгаа дипломат ажилтнууд болон бусад иргэдийг татан авах асуудлыг хэлэлцэж байна.


Өмнө нь АНУ-ын зүгээс Украин улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон тэдгээрийн ар гэрийнхэнд тус улсыг орхин гарах чиглэл өгсөн юм.


Японы Гадаад харилцааны яамны мэдээлснээр, одоогийн байдлаар Украинд тус улсын ЭСЯ-ны ажилтнууд, тэдгээрийн ар гэрийнхэн болон энгийн иргэд нийлсэн нийт 250 орчим хүн байгаа ажээ.


Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Хироичи Мацуно, "АНУ тэргүүтэй улс орнуудтай нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авах болно. Украинд байгаа иргэдийн хувьд бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Цаашид шаардлагатай мэдээллээр хангах болно" гэж мэдэгдсэн байна.


Японы Засгийн газрын зүгээс даваа гарагаас эхлэн Украин улс руу аялах сэрэмжлүүлгийг шат ахиулан хоёр гуравдугаар зэрэглэл рүү шилжүүлсэн байна.


Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ, Их британи, ХБНГУ, Австрали гэсэн дөрвөн улс өөрийн орны ЭСЯ-ны ажилтнууд тэдгээрийн ар гэрийнхэнийг нүүлгэн шилжүүлэхээр Украины Гадаад хэргийн яаманд мэдэгдээд байгаа аж. 

Холбоотой мэдээ