“Омикрон”-ыг саармагжуулдаг эсрэг биетүүдийн үйлчилж буй хугацааг тодорхойлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-25 13:50:50

ВАШИНГТОН. /CNN/. Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг хийлгэснээс дөрвөн сарын дараа “омикрон” хувилбарын эсрэг саармагжуулах эсрэг биетүүд хүчтэй хэвээр байгааг лабораторийн шинэ судалгаагаар тодорхойлжээ. Энэ нь вакцины гурав дахь тунгийн үйлчлэлтэй холбоотой анхны үр дүн болж байна.


Техас муж улсын их сургуулийн Анагаах ухааны төв, “Pfizer/BioNTech”-ийн судлаачид вакцинд хамрагдсан хүмүүсийн ийлдэсний сорьцыг судалж, коронавирусний өмнөх омог болон “омикрон”-ы хувьссан хувилбарыг хэрхэн саармагжуулж байгааг нь харьцуулан үнэлжээ. Судалгааны эх хувийг бямба гарагт цахимаар нийтэлсэн бөгөөд салбарын мэргэжилтнүүд хянан нягтлаагүй байгаагаас гадна анагаах ухааны сэтгүүлд нийтлээгүй байгаа юм.


“Энэхүү судалгаагаар “Pfizer/BioNTech”-ийн вакцины хоёр тун “омикрон” хувилбарыг саармагжуулахад хангалтгүй гэдгийг өмнөх судалгаануудын нэгэн адил тогтоосон. Гэхдээ вакцины гурван тун “омикрон”-ыг саармагжуулах түвшин, цар хүрээг нь нэмэгдүүлсэн” гэж Пэй Юн Ши, Сюпин Се тэргүүтэй судлаачид бичжээ.


“Вакцины үр дүнгийн талаарх бодит байдал дээрх нэмэлт мэдээллүүд болон лабораторийн судалгаануудаар вакцин хэдий хугацаанд үйлчлэх, нэмэлт тунг ямар хугацааны дараа хийлгэх, “омикрон”-д зориулсан вакцин шаардлагатай эсэх нь улам тодорхой болно” гэж судлаачид мэдээлсэн байна.


Судалгааны тухайд

Судлаачдын тогтоосноор, эсрэг биетийн түвшин цаг хугацааны явцад тодорхой хэмжээгээр буурч байсан ч дөрвөн сарын турш саармагжуулсаар байжээ. Улмаар эсрэг биетийн түвшин буурахтай зэрэгцэн вакцины хамгаалалт буурах тул хэдий хугацаанд үйлчлэхийг нь нарийвчлан тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай байна.


Энэхүү судалгаагаар “омикрон”-ыг саармагжуулах байдал дөрвөн сараас цааш хэрхэх хийгээд Т эсүүдийн талаар дэлгэрэнгүй судлаагүй байна. Т эсүүд нь “COVID-19”-өөс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бололтой байгаа юм. Үүнээс гадна “Pfizer/BioNTech” компаниуд вакцины хоёр тун нь “омикрон” хувилбараар халдварлан хүндээр өвчлөхөөс сэргийлэх магадлалтай байгаа талаар даваа гарагт мэдээлжээ.


АНУ-д “COVID-19”-ийн мРНХ-д суурилсан вакцинд хамрагдсан 12-оос дээш насны иргэдийг таван сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг, “Johnson & Johnson”-ы вакцин хийлгэсэн насанд хүрэгчдэд хоёр сарын дараа нэмэлт тунг тариулахыг зөвлөж байгаа юм. Израилд эмзэг бүлгийн хүн амд вакцины дөрөв дэх тунд хамрагдахыг санал болгож эхлээд байгаа бол АНУ-д нэмэлт тунтай холбоотой ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ