БНСУ-ын эдийн засаг 4 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-01-25 11:42:11

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өнгөрсөн онд хэрэглээ, экспортын хэмжээ цар тахлаас үүдэлтэй уналтаас сэргэснээр эдийн засаг сүүлийн 11 жилд бүртгэгдээгүй өндөр өсөлт үзүүллээ гэж тус улсын Төв банкнаас өнөө өглөө мэдээлжээ.


Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 4 хувиар өссөн нь өмнөх онд 0.9 хувиар агшсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болсныг Солонгосын банкнаас танилцуулсан мэдээлэл харуулжээ.


2021 оны өсөлт нь эдийн засаг 6.8 хувиар тэлсэн 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсноос гадна Төв банкны жилийн өсөлтийн урьдчилсан таамаглалтай нийцсэн байна.


Өнгөрсөн 11 дүгээр сард Солонгосын банк 2021 онд улсын эдийн засаг 4 хувиар, 2022 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байгаагаа мэдээлсэн бөгөөд эдийн засгийн шинэчилсэн таамаглалаа ирэх сард танилцуулах юм.


Төв банкны мэдээллээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг 1.1 хувиар өссөнийг өмнөх улирлын 0.3 хувийн өсөлттэй харьцуулахад хурдацтай нэмэгдсэн байна.


БНСУ коронавирусний цар тахал, хүн хоорондын зай барих чангатгасан арга хэмжээнүүдийн үр дагаварт нэрвэгдсэн эдийн засгаа Засгийн газрын зардлыг өргөтгөх, иргэдэд буцалтгүй тусламж олгох замаар өргөжүүлж байгаа ажээ.


Тийнхүү өнгөрсөн онд хувийн хэрэглээ 3.6 хувиар өссөн нь өмнөх онд 5 хувиар агшсантай харьцуулахад эрс өсжээ. Мөн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 2020 онд 7.1 хувиар өсөж байсан бол 2021 онд 8.3 хувьд хүрсэн байна. Харин барилгын хөрөнгө оруулалт 1.5 хувиар агшсан нь өмнөх оныхоос /0.4 хувь/ сул үзүүлэлт болжээ.


2021 онд Засгийн газрын зардал өмнөх оныхоос 5.5 хувиар өссөн байна. 2020 онд энэ нь 5 хувиар өсөж байжээ.


Мөн 2020 онд 1.8 хувиар агшиж байсан экспорт өнгөрсөн онд 9.7 хувиар өсжээ. Үүнд хагас дамжуулагч болон нефтьтэй холбоотой бүтээгдэхүүний борлуулалт ихээхэн нөлөөлсөн байна. Импортын хувьд 2020 онд 3.3 хувиар буурсан бол 2021 онд 8.4 хувиар өссөн дүн үзүүлжээ. 

Холбоотой мэдээ