Хөдөлмөрийн аварга, салбарын шилдэг ажилтнуудад талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-24 17:44:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улиран өнгөрч буй жилдээ салбар бүртээ манлайлан ажилласан ажилтан, алба хаагчдыг шалгаруулж, тухайн салбарын хөдөлмөрийн аваргаар өргөмжилдөг уламжлалтай. 2021 онд идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгж багуудад аймгийн Засаг дарга өргөмжлөл гардуулж талархал илэрхийллээ.

Төрийн албан хаагчдын төлөөлөл болсон таван албан хаагчийг аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр “Салбарын онцлох ажилтан”-аар өргөмжлөн тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж, хүндэтгэлийн туузыг өнөөдөр зүүж өглөө.

Үхэр жилийн “Салбарын онцлох ажилтан”-аар:

Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн эх баригч Бадарчийн Нямхишиг

Дархан сумын 15 дугаар багийн МЭДСТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Бадамжавын Ариунаа

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Дэлгэрцогтын Нямчимэг

Цагдаагийн газрын нийтийн хэв журмын цагдаа, дэд ахлагч Гансүхийн Энхтөр, Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Гантулгын Гэрэлчулуун нар тус тус шалгарчээ.

Мөн 2021 оны Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Од ба Гурвал Сервис” ХХК-ийн захирал Д.Амартайван, Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн дарга Б.Батжаргал, Санхүүгийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар "Минж пропети" ХК-ийн ерөнхий нягтлан бодогч О.Долгормаа, Худалдаа үйлчилгээний байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Тохь комплекс ХХК-ийн ерөнхий менежер М.Сэвжидмаа, Хөдөө аж ахуйн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Орхон сумын “Шар Эх сүрэг” ХХК-ийн малын эмч Э.Мягмаржаргал нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ