"Сургуулийн хөл бөмбөг" хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-21 07:22:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийтийн буюу сургуулийн хөл бөмбөг” хөтөлбөрийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлнэ.


Энэхүү “Нийтийн буюу сургуулийн хөл бөмбөг” 2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудын хийхээр санал солилцлоо.


Үүнд: Монгол Улсын 21 аймагт Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны “С” дасгалжуулагч багш бэлтгэх, сургууль бүрийн биеийн тамирын 1 багшийг хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч болгон сургах, хөл бөмбөгийн онлайн хичээлийг аппликейшнаар дамжуулан багш нарт хүргэх, мөн 2100  хөл бөмбөгийг сургуулиудад хүргэх, “Хамаг Монгол” сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулан хамтран ажиллах юм.


Сургуулийн хөлбөмбөгийн орчинг сайжруулах зорилгоор 79, 24 дүгээр сургууль болон Техник технологийн дээд сургуулийн хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. 2022 онд 52, 34, 28, 2, Оюуны Ундраа цогцолбор сургуулийн талбайг засварлахаар төлөвлөжээ. 


Сургуулийн орчинд хөл бөмбөгийн буюу багийн спортыг хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа дэмжихээ илэрхийлсэн бол өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хамтран ажиллахаа мэдэгдлээ.



Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялгаварлан гадуурхалтыг багасгаж, амжилтыг чухалчлах биш хүний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангана гэж төлөвлөж байна.


Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ.

Холбоотой мэдээ