ОУОХ: Бээжингийн Олимпын төлөөлөгчдийн хувцас албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудалтай холбоогүй

ДЭЛХИЙД | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2022-01-20 16:55:16

ЖЕНЕВ. /Kyodo/. Олон улсын олимпын хороо /ОУОХБээжингийн өвлийн Олимпын наадамд оролцох төлөөлөгчдөд нь Хятадын компаниудаас нийлүүлэх дүрэмт хувцасны материалын эх үүсвэрийг тодруулах тухай АНУ-ын Конгрессын хүсэлтийн хариуд холбогдох мэдэгдлийг лхагва гарагт хийжээ.


Энэхүү хүсэлт нь дүрэмт хувцасны үйлдвэрлэлд лалын шашинт цөөнхийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэгддэг Шинжаанд үйлдвэрлэдэг хөвөн даавууг ашиглаж байгаа эсэхийг тодруулах зорилготой ажээ. Харин ОУОХ-ны мэдэгдэлд уг хувцсыг үйлдвэрлэхэд Хятадад үйлдвэрлэсэн хөвөн даавууг ашиглаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


“ОУОХ Бээжингийн өвлийн Олимпын наадамд зориулан брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж буй нийлүүлэгчдэд хөндлөнгийн зохих шалгалтыг хийсэн. 2021 оны есдүгээр сараас эхэлсэн үйлдвэрлэлийн ажил нь холбогдох дүрэм журмын дагуу явагдаж байгаа бөгөөд албадсан хийгээд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил илрээгүй” гэж Швейцарт төвтэй тус байгууллага мэдэгджээ.


Мөн дүрэмт хувцсыг нийлүүлэгч “Anta Sports”, “Hengyuanxiang Group” компаниуд нь бүтээгдэхүүнүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхгүйгээр үйлдвэрлэсэн гэсэн баталгааг өгсөн байна. Эдгээр компани нь Токиогийн Олимпод зориулсан хувцсыг мөн ОУОХ-нд нийлүүлсэн юм. 

Холбоотой мэдээ