БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 6000 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-20 14:14:43

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өдөрт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 27 хоногийн хугацаанд анх удаа 6000 давжээ. Цагаан сарын баярын амралт удахгүй эхлэх гэж буй энэ үед мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын тархалтад ихээхэн санаа зовних болоод байна.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “COVID-19” халдварын 6603 тохиолдол илэрснээс 6357 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 712 503-т хүрчээ.


Цагаан сарын баярын амралт энэ сарын сүүлээр эхлэх бөгөөд иргэд энэ үеэр гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар олноороо зорчдог. Үүнээс шалтгаалан халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж болзошгүй тул эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжээ дээшлүүлж байгаа ажээ.


БНСУ-д өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн сүүлд 12 дугаар сарын 24-нд 6000 давж, 6233-т хүрчээ. Мөн өнөөдөр тус улсад коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснээс хойш яг хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа юм. Пүрэв гаргийн байдлаар нийт 488 хүнд өвчтөн эмчлүүлж байна.


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 28 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 6480-д хүрчээ. Энэ нь халдварын нийт тохиолдлын 0.91 хувьтай тэнцэж байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ. Мөн хугацаанд 246 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мягмар гаргаас эхлэн их дэлгүүр, хямдралтай томоохон дэлгүүрүүд, кинотеатр, шалгалтад бэлдэх төвүүдэд нэвтрэхдээ вакцины паспортоо үзүүлэх журмаа цуцалсны дараа халдварын тохиолдлын тоо ийнхүү өссөн байна.


Гэхдээ кафе, зоогийн газар, шөнийн клуб, бялдаржуулах төв, караоке, интернэт кафе, нийтийн халуун усны газруудад вакцины паспорт шалгах журмыг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгийг тус төв мэдээлжээ. “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан юм уу шинжилгээний хариу сөрөг гарснаа батлахыг шаарддаг энэхүү журам нь 11 дүгээр сараас буюу халдварын тохиолдол 8000-д дөхөх үеэс хэрэгжиж эхэлсэн юм.


Даваа гарагт Засгийн газар хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоо дөрөв байсныг зургаа болгон нэмэгдүүлжээ. Гэвч 12 дугаар сарын дунд үеэс хойш хэрэгжиж буй зоогийн газар, кафед оройн 21 цагаас хойш хөл хорих шийдвэрийг ирэх хоёрдугаар сарын 6 хүртэл дахин гурван долоо хоногоор сунгасан байна.


Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаатай зэрэгцэн Цагаан сарын баярын үеэр иргэд олноороо зорчих төлөвтэй байгаа нь халдварын үзүүлэлтүүдийг огцом нэмэгдүүлж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж буй энэ үед дээрх шийдвэрүүдийг гаргажээ.


БНСУ-д өнөөдрийн байдлаар 43.67 сая хүн буюу 52 сая хүн амын 85.1 хувь нь "COVID-19"-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол 24.21 сая хүн /47.2 хувь/ нь нэмэлт тунг тариулаад байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ